Monday, May 11, 2009

Энэрэл хайр...

...Заримдаа хүмүүс намайг "хэтэрхий хатуу байна" гэх юм. Энэрэл хайр үзүүлэх хэрэгтэй ш дээ гэцгээх юм.
Ер нь энэрэл хайр гэдэг бол хэн нэгнээс шаардаад авчихдаг, өгөхгүй болохоор нь шүүмжилчихдэг эд биш ээ. Энэрэл хайр бол хүртэх ёсгүй зүйлийг чинь өгч байгааг хэлж байгаа юм.
Ертөнцийн Эзэн биднийг энэрэн хайрлах албагүй.
Тиймээс "надад хайр үзүүлэх ёстой" гэж надаас бүү асуу. Есүс загалмай дээр аль хэдийн  хайраа чамд харуулсан. Би чамд хайр харуулах өргүй. Би Их Эзэнийхээ нөхрөө өөрийн адил хайрла гэдэг тушаалыг дагах үүргийг түүний өмнө л хүлээсэн юм. Өстөн дайснаа өрөвдөн хайрлаж чадсан эсэхээ би өөрөө түүний өмнө хариуцна.

Thursday, April 30, 2009

Хэний төлөө саналаа өгөх вэ?

Ерөнхийлэгчийн сонгууль болох гээд хэн хүнгүй л бухимдал болж байгаа цаг. Энэ их давалгаан намайг ч гэсэн тойрохгүй л байгаа.

Ингэхэд би хэний төлөө саналаа өгөх вэ?

Бүх засаг төр Ертөнцийн Эзэний хүслээр бий болсон байдаг. Монголд ч гэсэн. Ардчилсан нийгэмд Ертөнцийн Эзэн ард түмэнд засгийн эрхийг сонгох эрх үүрэг өгсөн байдаг. Тиймээс бүх ард түмэн энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх ёстой.

Монголын ард түмэн дотор Христэд итгэгчид нь бас багтана аа. Нэг үгээр хэлвэл Христэд итгэдэг хүмүүс одоо нийгэмдээ ямар үнэ цэнийг дэмжиж байгаагаа харуулах цаг болоод байна. Тэгэхээр би гэдэг хүн чинь Христэд итгэгчийнхээ хувьд саналаа өгч Ертөнцийн Эзэний хаанчлалыг тогтоох хэрэгтэй. Ингэхэд Христэд итгэгчид хэний төлөө өгөх ёстой вэ?

Хамгийн гол харах ёстой зүйл бол тэр хүний нэр хүнд мөнгө төгрөг огт биш гэдэг нь ойлгомжтой. Харин тэр хүний үнэ цэнэ, ямар зүйлийг үнэтэйд тооцдог вэ гэдэг л хамгийн чухал юм.

Тиймээс уншигч та бүхэн саналаа хэдэн төгрөг болон бүтэшгүй амлалтанд бүү худалдаарай.
Харин нэр дэвшигч болгоны хийсэн зүйл, илэрхийлж байсан үнэт зүйлийг нь харж байж саналаа өгөх нь ялангуяа Христэд итгэгч сонгогчийн хувьд хамгийн чухал үүрэг юм.

Би хувьдаа Цахиагийн Элбэгдоржид өгөх санаатай байгаа. Ядаж Энхбаяр гуйаг бодоход цөөн уул тахиж цөөн бурхан бүтээлгэх байлгүй.

Tuesday, April 28, 2009

Хэтээгийн бухимдал

Хавийн хүмүүст хэлэхэд би гэдэг хүн чинь нэгэн Христийн сүмд пастор хийдэг юм. Тиймээс хүмүүсийн амьдралын янз бүрийн асуудал энэ тэртэй нэлээд зууралддаг гэх үү дээ.
Үнэндээ заримдаа уур хүрэх зүйл байдаг юм.

Саяхан гэхэд л манай "сүмд яваад" нэлээд удаж байгаа эгч маань хэдэн лам нар охиныг нь удган болон тавилантай охин байна гэж хэлсэны төлөө гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад охиноо удган болгоод өөрөө дагахаар болоод "сүмээсээ явчих" юм.

Ингэхэд тэр эгч эхнээсээ Есүст итгэж байсан эсэхэд нь би эргэлзэхэд хүрээд л байж байна. Бидний гэмийг уучилж, мөнхийн зовлонгийн шийтгэлээс чөлөөлөн, шинэ амьдрал өгсөн Есүст итгэхээ хүмүүс олон шашин дундаас аль нэгийг нь сонгох, шашин шүтэх эс шүтэх "эрхээ" эдлэж байгаа төдийгээр л ойлгох юм даа.

Бухимдлаа тайтгартал "Есүс бол цорын ганц Зам, Үнэн, Амь" гэж бүх хүмүүсийн эргэлзээ чичирэн унаж итгэл нь үлдтэл тэнхээ мэдэн орилох юм сан.

Tuesday, April 7, 2009

зарим нэг зургууд


Сингапурт үзсэн олон сайхан зүйлүүдийн маань нэг бол Цезарь болон Клаудия пасторуудтай хамт сууж хооллож, юм ярих боломж олдсон юм.

Мөн Лоренц болон Нина Кон пастортай ч гэсэн...

Friday, March 27, 2009

Сингапур явсан аялалаас сурсан зүйл 1


-->
Сайн байцгаана уу?
Удаан хугацаагаар нийтлэл бичээгүйг минь дахин уучлаарай.
Би саяхан 3-р сарын 9-нөөс 23-ны хооронд эхнэртэйгээ хамт бас сүмийнхээ хэдэн хүмүүстэй Сингапур яваад эхнэр бид хоёр үргэлжүүлэн Малайзаар жаал явж амарч байгаад ирлээ.
Бидний аялалын нэлээн томоохон хэсэг нь Азийн З-12-н чуулган байсан юм. Тэнд үнэхээр олон зүйл ойлгож шинээр дахин алсын хараагаа сэргээж, зүрх сэтгэлдээ асар их эрмэлзлэлийн дөлийг өвөрлөн ирсэн юм.
Тэгээд тэр их ивээлээсээ бага багаар ч болов блог дээрээ хуваалцах санаатай байна.
Ингээд эхлээд сэтгэлд минь хамгийн их хүрсэн нэг үгнээс эхлэе.
Азийн Засаглал-12 чуулганд алдарт “Delirious?” хамтлаг магтан дуу дээр үйлчилсэн юм. Тэгээд сүүлийн оройн бүрэн хэмжээний концертоо тоглосон. Үнэхээр тасархай авсан л даа. Гэхдээ хамтлагийн ахлагч Мартин Смит (сониноос тэр 6 хүүхэдтэй юм байна лээ.). миний сэтгэлийг зоригжуулсан нэгэн үг хэлсэн нь : to worship God you must love what God loves. Without loving what God loves, without protecting what God protects you can’t worship Him” байв. Монголчилвол, Ертөнцийн Эзэнийг хүндлэн магтахын тулд Түүний хайрладаг зүйлийг хайрлах ёстой. Түүний хайрладаг зүйлийг хайрлахгүйгээр, түүний хамгаалдаг зүйлүүдийг хамгаалахгүйгээр Ертөнцийн Эзэнийг хүндлэх боломжгүй.
Надад энэ үг гайхалтай их итгэл, хүч чадал өгсөн юм. Би тэр дороо “Их Эзэн минь, та юуг хамгийн их хайрладаг, юуг хамгаалдагаа надад улам тод хэлж өгөөч” гэж гуйж эхлэсэн. Тэгээд хамгийн эхний хариу нь “Түүний хүмүүс, Хүн” гэж тэр дороо надад сонсогдох шиг болсон. “юуг хамгийн их хамгаалдаг вэ?” гэхэд “Түүний үнэ цэнэ, ариун байдал” гэх нь сонсогдсон юм. Гэтэл Их Эзэн маань надаас их сонин асуулт эргүүлэн тавьж байх юм. Тэр надаас “Ингэхэд чи яагаад дандаа ...хамгийн их... гэж асуугаад байгаа юм бэ? Их бага гэлтгүй Миний хайрладаг бүхнийг хайрлаж, хамгаалдаг бүхний төлөө өөрийгөө зориулсан нь дээр биш гэж үү?” гэж асууж байна. Тэгээд би Их Эзэндээ хандан “Тиймээ Эзэн минь, Таны зөв, хайрыг тань татдаг бүхэн танд миний үзэмжээс үл хамааран маш их чухал байдаг. Би таны хайрладаг хамгийн өчүүхэн зүйлийг хүртэл хайрлахыг хүсэж байна” гэж билээ.
“Их Эзэн минь, таны хамгийн өчүүхэн хайрладаг зүйл хүртэл миний хайрыг татдаг болгож өгөөч.”

Thursday, February 19, 2009

Их Эзэнээс Эмээх нь

...Их Эзнээс би эмээнэ.
Их Эзнээс би эмээнэ.
Их Эзнээс эмээн байж би сайн сайхныг хүснэ
Их Эзнээс би эмээнэ...Хүйтэн шуургатай энэ өдөр тагтаршсан цасан дээгүүр халитардаг гуталтайгаа тэнцвэрээ олж ядан алхаж байхаа би нэг юм сая бодлоо. Ингэхэд би яг одоо унахгүй гэж хичнээн хичээсэн нь харлтирч унахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгээд унахдаа гар хөл эсвэл аль нэг зүйлээ хуга дарахгүй гэж хэн баттай хэлж чадах вэ? гэсэн бодол орж ирлээ. Тэгвэл ч мөн сонин юм болох байхдаа. Цагаан сар болох гэж байхад хугархай гартай яанаа гэж бодов. Тэгээд бас олон чухал зүйлүүдийг хийж чадахгүй болно. За тэгээд өвчин зовиур гэж нэг онцгүй зүйл байдаг. Гэтэл бүр Сингапур явах маань ч өнгөрөх байх даа гэх мэтийн бодол, төсөөлөлүүд ээлж дараалан орж ирсээр намайг нэгэн үнэний өмнө авч ирлээ.

Хэрэв Мөнхийн Эзэн зөвшөөрвөл юу ч тохиолдож болдог юм. Харин өнөөг хүртэл нэг ч яс хугарч үзээгүй маань Түүний энэрэл хайр л байж таараа гэж бодоод түүнийг хүндэтгэн талархах сэтгэлд автсан юм.

Гэтэл үүнээс бүүр гүнзгийрээд би Түүний надад зөвшөөрсөн бүхнийг талархан хүлээн авах ёстой шүү дээ гэж бодлоо. Ингээд Есүс Их Эзэнийг эмээн хүндлэх мэдрэмж бүх оюун ухааныг минь нөмрөн авсан юм.

Би залуу хүний хувьд Түүнээс эмээн айж явах нь зөв ажээ. Тиймээс би Их Эзэнийхээ өмнө бузар гэм хийн уур хилэнг нь хүртэхээс эмээн айж явсан нь дээр. Түүний үгийг зөрчин үнэ цэнээ алдахаас эмээн айж, зөвхөн тэгээд зогсохгүй ивээл рүү хөтлөж байгаа үгийг нь дагахгүй, анзаарахгүй өнгөрөөчих вий гэж эмээн айж. элбэг хангалуун үедээ талархал илэрхийлэлгүй өнгөрчих вий гэж хүндэтгэн айж явах юмсан. Хүнд амьдрал туулах үедээ Мөнхийн Эзэнийхээ өмнөөс уурлан бухимдаж утгагүй хандлага гаргах вий дээ гэж айн эмээж. Хамгаас их хайрыг нь үр дүнгүй өнгөрөөчихвий гэж эмээн хүндлэнэ.

Яг тийм би эмээн хүндэлж явъя. Хэзээ халтирч унахаа мэдэхгүй байх үедээ алхам бүрээ цэгнэн алхадаг биз дээ. Тэгвэл амьдралд тохиолдох бүх зүйл дээрээ Их Эзэнийг эмээн хүндэлж амьдаръя.

Үр бүтээлгүй амьдарч Түүний нэрийг гутаах вий дээ хэмээн эмээж амьдаръя. Агуу их мөрөөдөлд нь хүрэхгүй унах вий дээ гэж эмээн айя. Хамгийн агуу үйлсдээ надаас өөр хүнийг сонгочих вий гэж хүндэтгэн айж байсан нь дээр. Тэгээд намайг харах болгонд нүүрэнд нь тодордог инээмсэглэл өчүүхэн ч гэсэн хумигдах вий дээ гэж эмээн амьдаръя.

Ер нь ингэж эмээн амьдрах нь эрх чөлөө юм байна. Ингэж явсаар халтирч унах үед хүртэл түүнийхээ л хайр дээр унах учираас ер нь баттай нь дээр би ЕРӨӨСӨӨ ТҮҮНЭЭС ЭМЭЭЖ Л ЯВЪЯ.


...Би зөв замаас сэтгэлийн жаргал олж
Түүний үг бидэнд сайн сайхныг өгч
Их Эзэнээс эмээн байж ойр дотно болно.
Их Эзэнээс би эмээнэ...

Saturday, February 14, 2009

Машин

Би нэг toyota RAUM гэдэг машинтай. Өвлийн хүйтэнд дандаа дулаан гаражд тавьдаг юм. Сүүлийн хэдэн өдөр цаг агаар нэлээд дулаарахаар нь гаднаа хонуулсан юм. Харин урд шөнө гэнэт айхавтар хүйтэрээд би шөнө нэг удаа гарч асаагаад халаасан боловч өглөө асахаа больчихлоо.

Өглөөжин оролдоод чадсангүй. Хэд хоногоос дахиад дулаарах биз. Тэр үед нь л асаая гэж бодоод орхичихлоо.

Энэ асуудлын төлөө гуйж өгч байгаарай.

Хэтээ.