Thursday, August 22, 2013

Адил хоол хийлгэхийн төлөө тогоочоо солих ашиггүй




Passion 2011 чуулган дээр нэрт зохиолч, пастор Жон Паиперын заасан сургаалын хэсгээс орчуулж тавья гэж бодлоо.

Passion 2011 чуулганы сэтгэл догдлуулсан, хүчирхэг магтаал хүндэтгэлийн /тэдний магтаал хүндэтгэлийг мөргөл гэж хэлэхэд дэндүү жулддаг юм л даа./  дараа Жон Паипер сургаал номлолоо эхэлсэн юм.

… хамгийн гол асуудал бол та үнэхээр Есүсийг яг энд сая дуулсан шигээ өргөмжлөн хүндлэхийг өөр юутай ч зүйрлэмгүй амин голынхоо хүсэл болгох хэрэгтэй гэдэгтээ итгэдэг үү үгүй үү? гэдэгт оршиж байгаа юм шүү дээ. Хамгийн гол зүйл ердөө л энэ. Бүх зүйлийн ёроол, суурь нь энэ. Тиймээс би энэ тухай л яримаар байна. Яагаад гэвэл олон зуун сая хүмүүс тэгж итгэдэггүй.

Энд та бүхэн сэтгэлийн хөдлөлдөө автан хөөрцгөөх боловч эндээс гараад явахдаа л өөрийгөө өөрийнхөө бурхан болгон шүтэж байдаг. Хүний төрөлхи гэмт чанарт тааламжтай санагдах зүйл энд дүүрэн л байна ш дээ. Энэ бүхнээс зөвхөн Христэд итгэгчид л таашаал авдаггүй.

Энэ бүхэн миний хувьд яагаад тийм чухал байгааг би танд хэлж өгье. Яагаад гэвэл сая сая хүмүүс өөрсдийгөө Христэд итгэгч гэж бодон өөрсдийгөө аврагдсан, гэм нь уучлагдсан, мөнхийн улсад орох болно гэж боддоцгоодог. Гэвч үнэндээ тийм биш байдаг.

Тэдний Христэд итгэх итгэлийн тухай үзэл бодол нь тэднээс эдгээр чухал асуултуудыг асуудаггүй учраас л тэд ийм буруу ойлголтой байдаг.

Тэд бүх зүйлийнхээ суурийг харж, амьдралынхаа уг үндэсийг ухан өөрийгөө шүтсэн, өөрийгөө л бодсон мөн чанараа тасдаж хаяаад оронд нь шинээр үндэс суурь тавьж өөрийнхөө баяр хөөр, аз жаргалынхаа шалтгааныг өөрчилнө гэдэг нь жинхэнэ шинээр төрөлт юм гэж боддоггүй. Харин үүний оронд тэд Хуучин хүнийхээ, Христийг үл ойшоодог байсан үедээ авч чадаагүй хуучин дур хүслээ Есүс дээр ирээд авч болох юм байна гэж боддог. Энэ бол аврал биш.

Та баян болохыг хүсдэг. Одоо та баян болох гэж өөртөө түшиглэхийн оронд эд баялагынхаа төлөө Есүст найддаг болсон. Таны бодлоор үүнийг л итгэл гэдэг бас аврал гэдэг.

Та өөрийгөө эсвэл магадгүй ээжийгээ эрүүл байгаасай гэж хүсдэг. Тэгээд би одоо эмч нарт найдахаа болиод эрүүл мэндийнхээ төлөө Есүст итгэдэг болохоор шийдээд үүнийгээ Христэд итгэгч болно гэж бодоод байдаг гэтэл тийм биш.

Эсвэл та мөнхийн зовлонгоос зугтах арга хайж байдаг.  Хэн ч мөнхийн зовлонд орохыг хүсэхгүй Христэд үл итгэгч дахин төрөөгүй хүн хүртэл Мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй, хэн ч мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй. Мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй болохын тулд аврагдсан байх албагүй.  Мөнхийн зовлонд орохыг хүсэгүй байгаа чинь таныг аврагдсан гэсэн үг биш. “Есүсээ би мөнхийн цаг хугацааны турш тамлал эдлэхийг хүсэхгүй байна надыг нэг аргалаадахаач” гэсэн хандлага чинь Христэд итгэх итгэл огт биш ээ. Бүх дэлхий үүнийг л хүсдэг шүү дээ.  Энэ бүх хүсэл чинь таны үндэс суурь өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Эсвэл хүмүүс амар тайван байхын тулд, аз жаргалтай гэр бүл болохын тулд, буруутгал мэдрэхгүй байхын тулд Есүст итгэдэг. Хэн ч буруутгалыг хүсэхгүй.  Хэн ч зовлон дүүрэн гэр бүлийг хүсэхгүй. Энэ дэлхийн хүн бүр, Есүсийг үл ойшоогч, дахин төрөөгүй хүмүүс ч гэсэн муу зүйлүүдийг хүсдэггүй харин сайн сайхныг хүсдэг. Тиймээс эа зөвхөн тэр бүхнийг авах эх үүсвэрээ солин Есүс болгосон бөгөөд энэ бүхэн чинь яг л адил хоол хийлгэх гэж өөр тогооч авсанаас ялгаагүй зүйл. Хуучин ачаагаа хуучин зочид буудалдаа оруулахаар шинэ ачаа зөөгч авч байна гэсэн үг.  

Таны шийдвэр гаргасан шалтгаан, үндэс суурь чинь огт өөрчлөгдсөнгүй. Энэ бол шинээр төрөх явдал огт биш, энэ бол Аврал ч биш.

Шинээр төрнө гэдэг бол Ариун Сүнс таны амьдралд орж ирэн  таны уг үндэс, суурь руу чинь ороод аз жаргал гэж боддог байсан хуучин суурийг чинь устган үгүй болгож оронд нь шинэ суурь цутгаад, Түүний мөнхийн амийн булаг чиний дотроос, жинхэнэ аз жаргал чинь, чиний дотроос ундран гарна. Таны амьдралын бүх аз жаргалыг тасдан хаясан ч хамгийн ёроолд нь үлдэх үндэс суурь чинь Есүсийг огт мэдэхгүй хүмүүсийнхээс огт өөр байх болно.

Би үүнийг нэг зүйлээр зүйрлэн хэлж өгье. Хүн өөрийгөө шинээр төрсөн эсэхээ хэрхэн мэдэж болох вэ гэдгийг үүгээр харж болно.

Та юу гэж залбирдаг вэ? Та Есүс бидэнд зааж өгсөний адил залбирдаг уу? Эсвэл та Есүсийг огт мэдэхгүй хүмүүс шиг л залбирдаг уу?

Надыг ажилтай болоход минь туслаач, эхнэр авахад минь туслаач, эрүүл байхад минь туслаач, буруутгал мэдрэхгүй байхад минь туслаач, хүмүүст сайн хандахад минь туслаач гэх зэргээр Есүсийг огт мэдэхгүй хүмүүс залбирдаг. Энэ дэлхийн бүх л хүмүүсийн хүсдэг тэр л зүйлүүдийг Ертөнцийн Эзэнээс авах гэж залбирч байгаа бол танд бусдаас ялгарах  зүйл огт алга гэсэн үг. Гэтэл Есүс юу гэж залбирсан бэ?

Түүний залбиралд хамгийн нэгдүгээрт Таны нэр ариунаар дуурсагдаг гэжээ. Христэд итгэдэгүй ямар ч хүн ингэж залбирдаггүй. Христэд үнэн сэтгэлээсээ итгээгүй хүн хэзээ ч Их Эзэн рүү хандан миний амьдралын хамгийн гол чин хүсэл бол Та минь л алдаршиж та л хамгаас эрхэм өндөрт залрах болтугай л гэж хүсдэг. Энэ бол миний залбирах нэг номерын залбирал гэж хэлж чадахгүй. Хоёрдугаарт, Таны хаанчлал ирэх болтугай. Таны хаанчлал манай хотод манай сургуульд ирээсэй гэдэг залбирал. Христэд итгэдэггүй хүн хэзээ ч ингэж залбирч чадахгүй.  Дутуу хагас Христэд итгэгч ч гэсэн Ертөнцийн Эзэнд хандаад миний амьдралын хоёрдах чухал хүсэл бол таны хаанчлал миний амьдрал, миний гэр бүл, энэ сургуульд, дэлхийн эргэн тойронд бүрэн утгаараа хэрэгжих юм шүү гэж хэлж чаддахгүй.

Мөн Таны хүсэл биелэгдэх болтугай гэж хэн залбирч чадах вэ? Яг тэнгэрт Ер бусын элч нар таны хүслийг биелүүдэг шиг тийм их хүч чадлаар, тийм их шулуун сэтгэлээр таны хүслийг биелүүлэхийг би хүснэ гэж итгэдэгүй хүн залбирч чадна гэж үү?

Та бодоод үздээ эдгээр 6 залбирлаас 1 нь л Есүсийг огт мэдэхгүй хүний хувьд таалагдах гуйлт байдаг. Тэр нь “Бидэнд өдөр бүрийн минь талхыг өгөөч” гэсэн залбирал юм. Үүнд буруу зүйл байхгүй. Хорвоогийн хүмүүний хүсдэг зүйлийг хүсэх буруу биш ээ. Бид бүгд л хүмүүс. Гэвч бидний залбиран гуйдаг 6 гуйлтаас 5 нь Христийг үл ойшоогч хүмүүсийн хувь огт таашаадаггүй зүйл байдаг гээд бодоод үзээч.

Тиймээс шинээр төрнө гэдэг нь бүхий л зүрх сэтгэлийнхээ чин хүслийг үндсээр нь өөрчлүүлж миний аз жаргалын хамгийн өндөр оргилоос хамгийн доод суурь хүртэлээ бүхлээрээ өөрчлөгдөхийг хэлээд байгаа юм аа.

Friday, August 16, 2013

Матрын нулимс


"... Матар их муухай амьтан, төрүүлсэн үрээ идээд араас нь ганц дусал нулимс унагаадаг гэсэн..." бага байхад минь нэгэн удаа нагац эгч минь надад ийнхүү ярьж билээ. Тэр үед "үнэхээр ямар муухай амьтан бэ үрээ идээд араас нь хуурамч дүр үзүүлэн уйлах нулимс бас гардаг байх нь ээ" хэмээн миний балчир сэтгэл хэртхийж байж билээ.

Та ингэхэд "матрын нулимс" гэдэг хэлц сонсож байсан уу?


Англи хэл мэддэг хүмүүс "crocodile tears" гэдэг үг сонссон л байлгүй дээ.

Яг үнэндээ матар гэдэг амьтан төрүүлсэн үрээ үнэн сэтгэлээсээ санаа тавин халамжилдаг бусад олон амьтадын нэг юм. Тэрээр асар мэдрэмтгий амандаа үр зулзагануудаа тээгээд авч явдаг бөгөөд энэ нь балчир тэр зулзагануудад нь хамгийн хамгаалалтай газар болдог байна.

За одоохондоо биологийн хичээлээ өндөрлөе.

Ингэхэд миний матрыг жигшсэн шалтгаан юу байваа.

шалтгаан нэг: Өөрийн бузар хүсэлдээ автан үрээ иддэгт нь.

Амьтан болгонд дур хүсэл байдаг. Тэр болгоныг хангах гэж амьдралаа бардаг явдал нилдээ л байдаг. Харин үүнд байдаг хамгийн доод төрөл нь бусдыг үүнийхээ төлөө золиослох байдаг. Тиймээс өлсгөлөн байдалдаа автан үрээ идсэнд нь би эвгүйцсэн байх.

шалтгаан хоёр: үрээ алдсан амьтан болж худлаа уйлсан нь.

Хүний гаргаж байдаг араачгүй олон зан чанарууд байдагаас надад хамгийн олиггүй санагддаг нь өөрийгөө хохирогч нь гэж тооцуулах гэж оролддог байдал юм. Тохиолдож байгаа бүхэнийхээ хохирогч нь байж өөрийгөө авч гарах нь олон хүмүүсийн хувьд чухал байдаг. Тэд өөрсдийн гаргасан алдаанаас болж бусад хүмүүс хэрхэн хохирч байгааг тоодоггүй харин ч тэдний үйлдлийн золиос болсон гэж өөрсдийгөө хардаг.

Та магадгүй мэднэ байх гэмт хэрэгтэнүүдийн 95 хувь нь өөрсдийгөө ямар нэгэн зүйлийн золиос болсон гэж үздэг. нийгэм, улс төр, бүтээгүй дурлал, архи, найзууд, урвагчид ... гэх мэт тэд гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн бүх ГАДНЫ шалтгаануудыг хэлнэ. Хэн нь ч БИ ҮНЭХЭЭР ШУНАХАЙ УЧИР ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМ гэж хэлэхгүй. харин өссөн амьдрал, найз нөхөд, санхүүгийн байдлыг л буруутган суудаг.

Наранд байгаа хүмүүс ч үүнээс дутахгүй. Тэдний хувьд ажилдаа хоцорход замын түгжрэлийг буруутгана, архинд орсондоо амьдралыг буруутгана. Гэр бүлээ араар тавьсандаа "үнэн зүрхнээсээ" эхнэр хүүхдээ эсвэл нууц амрагаа буруутгана. Шалгалтанд унавал хичээл давтаагүй өөрийгөө биш харин хичээл давтахад саад болсон бүх шалтгааныг буруутгана. жирэмсэн болвол хэвлий дэх үрээ хараан буруутгана. Энэ мэтчилэн өөрийн үүрэх байсан хариуцлага бүхнийхээ төлөө өрөөл бусдын золиос болсоноо гайхан бусдыг буруутгана. Яг л матар "энэ өлсгөлөнгөөс (магадгүй зүгээр л нэг биеийн хүслээс) болж үрээ идэхэд хүрэх ч гэж дээ" хэмээн өөрийгөө өрөвдөн уйлсан мэт.


шалтгаан дугаар гурав: Дуссан тэр нулимс нь ганц дусал байхдаа яахав дээ.

Хэтэрхий хатуу сонсогдвол намайг та уучлаарай.

Буруу зүйл хийсэн хүмүүсийн хувьд үйлдэлдээ таарсан хор нөлөөгөө амсах нь зөв гэж намайг хэлвэл яасан хатуу хүн бэ өөрийгөө оронд нь тавиад үзээч гэж хэлэх хүн олон байгаа биз. Тиймээс би тэгж хэлэхгүй. Харин хэргийн учир нь хэн юу хийснийхээ төлөө юу эдлэх ёстой вэ гэхээсээ илүүгээр үнэндээ хийсэн зүйлийнхээ төлөө харамсан жигшиж байна уу гэдэгт байгаа юм.

Миний нэг найз өөрт нь хохирол учруулсан намайг уучлаарай гэж хайнгадуу хэлэхийг минь сонсоод "Наад 'уучлаарай' -гаар чинь би одоо аях вэ? ИДЭХ ҮҮ?!" гэж хэлж билээ. Тэр цагт эргэж яаж ч харамсаад нөхөж болохгүй зүйл гэж байдаг юм байна гэж би ойлгосон юм. Хальт сонсоход инээдэмтэй боловч энэ үг чиний "уучлаарай" болон нулимс чинь ямарч үнэ цэнэгүй байдаг ажээ. Урсгасан ганц нулимсаараа өөрийгөө хүн хэвээрээ байгаа юм байна гэж батлах хэрэггүй матар ч бас ганц нэг нулимс унагаадаг юм.


За за би уучлраарай л гэсэн биздээ.

Ингээд бодоход бидэнд буруу ойлгогдон жигшил төрүүлсэн матрыг хэлэлтгүй хүн өөрөө жинхэнээсээ матарын нулимс унагаадаг юм биш үү. Үнэхээр хайртай гэх мөртлөө өөрийгөө л бодон хэнийг ч золигт гаргаж чадах зориг хүнээс л гардаг.

Тиймээс, хүүхдүүддээ хайртай гэх мөртлөө ээжээс нь салаад явах Аав нарыг, уучлаарай гэсэн мөртлөө урвагч болдог найз нарыг, ямарч аргагүй гээд үр хөндүүлдэг ээж нарыг, Амьдралд гутарсандаа архинд ордог архичдийг, охиноо бэлгийн мөлжлөгт оруулдаг Аав, ах нарыг, ер нь өөрийгөө зөвхөн бодоод бусдыг гаргуунд гаргасан хүн болгоны унагах нулимсыг МАТРЫН НУЛИМС гэж хэлэхэд болох нь ээ.


Хэтээ

2008 он

Алтан сондор


3 удаа болзоонд хамт явж, хэд хэдэн удаа хоолонд хамт ороод, хичээлийн завсарлагаа болгоноор тааралдан хэдэн үг сольж байсны эцэст Ганаа өөрийгөө хүнд дурласан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байв.
Тийм ч учираас тэрээр шинэ жилийн өмнөх нэгэн Бямба гариг бүтэн гурван цаг хотоор нэг хэсүүчлэн явлаа. Ганаа Цэцгээд өгөхөд тохирох үнэт бөгөөд төгс бэлэг хайн хотын бүх газраар орсон боловч олсонгүй.
Эцэст нь тэр нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг татав. Хэдэн хором гайхширан байсны дүнд тэр худалдагч эмэгтэйгээс найз охиндоо зориулан нэгэн онцгой бэлэг хайж байгаагаа тайлбарлан хэлэв. Яг л түүнд тохирох зүйл байгаа гээд худалдагч түүнийг өөр нэгэн лангууруу дагуулан очив. Тэгээд нэгэн бяцхан хайрцаг түүний өмнө гарган тавиад хэрхэн царай нь хувирахыг харж зогсов.
Урдаа байгаа хайрцгийг нээх тэр мөчид гайхалтай үзэмжит нэгэн алтан сондорыг Ганаа харлаа. Гэрэлд гялтганах тэрхүү алтан сондор түүнд Цэцгээгийн тунгалаг нүдийг эрхгүй санагдуулав. “24 карат” гэсэн шошгогүйгээр хүртэл шижир алт болохыг нь мэдэж болохоор байв. 14 каратын хольцтой гинж түүний үзэмжинд өчүүхэн нэмэр болж байлаа. Хэдий үнэтэй байсан боловч удаан хугацаагаар цуглуулсан мөнгө нь хангалттай байсан төдийгүй Цэцгээд гарцаагүй таалагдана гэдгийг тэр мэдэж байв. Худалдан аваад гэртээ аваачин өөрөө гараа гарган нандигнан боож бэлдэв.
Үнэхээр гайхалтай сайхан, жинхэнэ төгс бэлэг боллоо. Цэцгээд ч мөн эрхгүй таалагдлаа. Түүнд тэрхэн алтан сондорыг бэлэглэсэн энэ үдшийг насан туршдаа мартахгүй гэдгээ Ганаа мэдэж байлаа.
Ганаагийн энэхүү хайр хоёрдугаар сар хүртэл үргэлжлэв. Халуунаар шатсан хайрын гал бөхөж эхлэв. Цэцгээ үүнийг гадарласан гэдгийг Ганаа мэдэж байсан болоод ч тэр үү асуулт тавин харах Цэцгээгийн харцыг тар зориглон харж чадсангүй. Тийнхүү хагацан салах нь Ганаагийн амьдралд хэзээ ч үзээгүй гуниг харамслыг авчирлаа.
Үүнээс хэдэн сарын дараа Ганаа Туяатай учирлаа. Туяа Цэцгээгээс эрс өөр байв. Тас хар үзтэй, торомгор бор нүдтэй. Нүүрэмгий охин байлаа. Дурлал Ганааг эзэмдлээ.
Туяад ямар их хайртайгаа харуулах цаг боллоо. Бэлэг хайн олон дэлгүүрээр хэссэн боловч Ганаа өөрийн эрхгүй өнөөх үнэт эдлэлийн дэлгүүрт ирэн гайхам сайхан өнөөх алтан сондрыг нүд салгалгүй ширгэнэ. Хэдийгээр тэр өөр бэлэг бэлдэхийг хүссэн боловч энэхүү сондорыг гүйцэх тий төгс бэлэг олдсонгүй. Тэгээд эцэст нь тэр Туяад мөн адил алтан сондор авч бэлэглэв. Туяад энэ бэлэг сайхан санагдсан бөгөөд Ганаа ч өөрийн сонголтондоо сэтгэл дүүрэн байлаа.
Хэдэн сарын дараа Ганаа Туяа хоёрын үерхэл өндөрлөв. Туяагаас салад тэр Оюунаатай үерхэв. Дараа нь Шүрээтэй тэгээд Сарнайтай бас Зулаатай үерхэв. Энэ олон үерхэлүүд Ганаад огтхон ч эвгүй санагдсангүй. Учир нь тэр бүх охидуудад чин сэтгэлээсээ хандаж байсан юм. Харин нэг л зүйл түүнд сонин санагдав.Төрсөн өдөр ч юм уу элдэв баяр ёслолоор бэлэг сонгох болохоор Ганаа өнөөх л үнэт эдлэлийн дэлгүүрт очин өнөөх л алтан сондорыг сонгодог байлаа. Хэд хэдэн удаа тэрээр өөр шинэ санаа олоогүйдээ болон хэтэрхий амархан сонголт хийж байгаадаа өөрийгөө зэмлэж байлаа. Гэвч хэдий хичээх боловч тэрээр энэ л бяцхан алтан сондороос илүү бэлэг олж чаддаггүй байлаа.
Эцэст нь Ганаа Сувдаатай учирав. Яг учирсан мөчөөсөө л эхлэн бүх зүйл ондоо байлаа. Сувдаагийн хажууд байхдаа Ганаа илүү тайван өөртөө итгэлтэй өөрийгөө ондоогоор харж эхэлсэн юм. Урд өмнө хэн ч Ганааг Сувдаа шиг хайрлаж, ойлгож байгаагүй болохыг Ганаа сайн мэдэж байлаа. Өмнөх найз охиддоо өгч байсан хайр нь Сувдааг хайрласан хайрын хажууд гандан алга болов. Ганааг Сувдаагаас гэрлээч гэж гуйхад хэн ч гайхсангүй.
Хурим болохоос хэдэн долоо хоногийн өмнө Сувдаа бие биедээ бэлэг солилцъё гэж сонол болгоход Ганаад энэ санаа их таалагдав. Энэ бэлэгээ хамтдаа явж сонгосон хурмийнхаа бөгж мэт онцгой бөгөөд асар их хайрынхаа бэлэгдэл болгон сонгож авахыг тэр хүсэв.
Хэдийгээр аар бэлэг сонгохыг оролдсон боловч өнөөх үзэсгэлэнт алтан сондороос онцгой бэлэг түүнд олдсонгүй. Тэгээд хуучин үнэт эдлэлийн дэлгүүртээ очоод алтан сондроо худалдан аваад харахдаа анх хэр зэрэг онцгой нандин байсныг нь дурсан санав. Өөр юуч Ганаагийн хайрыг яг тэр алтан сондор шиг илэрхийлж чадахааргүй байлаа.
Хурим тэндий мөрөөдөж байсанчлан сэтгэл хөдлөм сайхан болов. Хурим найр өндөрлөн зочид гийчид буцан тэр хоёр хоёулаа үлдсэний дараа Ганаа нандигнан бэлдсэн бэлгээ Сувдаад өглөө. Сувдаа алтан сондорыг хараад ямар үзэсгэлэнтэй юм бэ? Хэмээн дуу алдан хүлээж авав. Тэгээд өөрийнх нь амьдралыг хамгийн аз жаргалтай болгон энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бэлэг өгч байгаа Ганаадаа Сувдаа маш их хайртай хэмээн хэлсэн юм. Бяцхан алтан сондорыг Сувдаа хүзүүнээсээ зүүх тэрхэн агшинд Ганаад өрөөл бусдад өгч байсан бусад бүх алтан сондорууд эргэн санагдав. Сувдаа үүнийг мэдэх болов уу? Тэгээд Ганаа хамгаас хайрт Сувдаадаа зөвхөн түүнд л зориулсан өөр хэнд ч өгч байгаагүй онцгой бэлгийг өгч чадаагүйдээ харамсан суув.
24 каратын шижир алтан энэ зүүлт урд нь үргэлж л хамгийн төгс бэлэг мэт санагддаг байсан билээ. Гэтэл өнөөдөр Ганаагийн амьдралын хамгийн жаргалтай яг энэ үед огтхон ч онцгой биш өнгө үзэмжгүй санагдав. Ямарч л байсан Ганаагийн анх авч байсан ариухан алтан зүүлт шиг харагдахаа аль хэдийн больжээ.

Нарт Ертөнцийг л харах юмсан



Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Ж.Мөнгөнхэт 2000 он

Энэ шүлгийг хэн дуртай нь юу дуртай хэлбэрээрээ ашиглаж болно. Харин зохиогчийн нэрийг нь заавал дурдаарай.

Хөөрхий тэр охин


Залуу чамтай ханилан суух тавлинтай хөөрхий тэр охин...

Хөөрхий дөө тэр нэгэн охин үнэт хайраа чамд өгөөд өөрт чинь үхтлээ дурлаад чамтай гэрлэх болно. Хамгийн сайн сайхнаа чамтай хуваалцах тэр нэгэн охинд харин өгөх зүйл чамд юу сан билээ. Залуу чиний түүнд зориулахаар үлдээсэн зүйлийг эргэн бодоод... Хөөрхийдөө тэр нэгэн охин гэсэн сэтгэл төрсөн юм.

Бараг харсан охин болгондоо хэлчихдэг байсан хэн нэгний үлдээсэн хоолны шавхаруу шиг "хайртай шүү" гэдэг үгийг чинь тэр охин сонсоно. Гэхдээ тэр охины цайлган сэтгэл үүнийг чинь голохгүй байх л даа.

Хамгаас хөөрхөн харагдаад байна гэхээр чинь баярлан хүлээн авах тэр охин үнэндээ хичнээн хүн чамд хөөрхөн харагддагийг үл мэдэх биз.

Үнэхээр чамд л үзэсгэлэнтэй харагдчих юм сан гээд тэр охин аль байдгаараа байх гэж хичээхдээ өмнө чамтай учирч байсан бүх охидтой дотроо өрсөлдөж зовно.

Зүгээрээ би чамайгаа уучилсан гэж шархалсан зүрхэнээсээ тэр охин хэлээд "даана ч дээ чи минь наддаа үнэнч байхгүй яавдаа" гэж дотороо гутрах байхдаа. Амархан уучлах тэр сэтгэлийг хүртэх эрхтэй хүн нь тэгээд чи мөнүү бишүү ингэхэд...

Хөөрхий дөө тэр нэг охин. Үзэсгэлэнт гүнж байх юм сан гэж хүсэн мөрөөддөг байсан сэтгэл нь чиний эхнэр болоод чиний үр хүүхдүүдийг төрүүлэн өртэй юм шиг чиний төлөө л гэж амьдрах болно. Гэтэл тэр үед түүнийг гомдоох зүйл тоолж баршгүй гарч, өөрт чинь хайртай болсоных нь төлөө шийтгэх гэсэн юм шиг л чи тэнэгтэж болохгүй шүү.

Үнэт хайраа чамд өгөн амьдрахдаа чамайг жаргааж, чамтай жаргах гэж л тэр охин найдаж байгаа. Түүнд өгөх зүрх сэтгэлээ одооноос хамгаалан "Ганцхан чамд л би үүнийг хадгалсан юм" гэж хэлэх үнэт зүйлтэй байх нь Залуу чиний жаргал болох хөөрхий тэр охинд өгөх хамгийн үнэт зүйл шүү гэдгийг бүү мартаарай.

Хөөрхий тэр охин.


Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.


Хэтээ.
2008.07.09

Чимээгүй хашгираан



Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй 
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй 
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу 
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу 
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу 
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу 
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч 
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Ж.Мөнгөнхэт

Энгийн гайхамшигууд


Хүн амьдралаа төгс болгох гэж тэмүүлэхдээ мөнгө санхүү, ажил карер, бизнэс, улс төр, гэх мэт олон зүйлд хамаг анхаарлаа хандуулсанаар амьдралын хамгийн агуу их гайхамшигууд энгийн зүйлд байдаг гэдгийг мартаад байгаа юм шиг санагддаг. Луй Армстроны энэ дуу надад амьдралаасаа тэр энгийн жаргалуудыг олж харж эдлэх боломж олгодог юм. Энэ дууны үг нь хүртэл энгийн гээч. Энд би орчуулаад тавичихлаа шүү.



Ямар гайхамшигтай ертөнц вэ


Би ногоон моддыг улаан сарнайнуудтай харлаа.

Надад бас чамд зориулан дэлгэрч байгааг нь үзлээ.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.
Би цэнхэр тэнгэрийг цагаан үүлтэй нь харлаа.
Гэгээн ивээлт өдрийг, нууцлаг харанхуй шөнийг үзлээ.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.


Солонгын өнгө тэнгэрт үнэхээр үзэсгэлэнтэй
Зөрөн өнгөрөх хүмүүсийн нүүр түүнээс дутахгүй сайхан.

Найзууд уулзан гар бариад сайн байна уу хэмээнэ.
Яг үнэндээ тэд "Би чамд хайртай шүү" гэж байгаа нь тэр.
Нялх хүүхдүүд уйлах дуу, нас нэмэн өсөхийг нь харна.
Надаас илүү ихийг тэд сурна.


Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодно.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодно.


Би ногоон моддыг улаан сарнайнуудтай харлаа.

Надад бас чамд зориулан дэлгэрч байгааг нь үзлээ.

Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.



What a wonderful world

I see trees of green, red roses too 
I see them bloom for me and you 
And I think to myself what a wonderful world
I see Sky of blue clouds of white 
Bright blessed day dark sacred night
And I think to myself what a wonderful world
Colors of the rainbow so pretty in the sky 
also the faces of people going by 
I see friends shaking hands saying how do you do 
They really saying I love you
I hear babies crying I watch them grow 
they’ll learn much more than I’ll ever know
And I think to myself What a wonderful world
And I think to myself What a wonderful world
I see trees of green, red roses too 
I see them bloom for me and you 
And I think to myself What a wonderful world