Friday, March 27, 2009

Сингапур явсан аялалаас сурсан зүйл 1


-->
Сайн байцгаана уу?
Удаан хугацаагаар нийтлэл бичээгүйг минь дахин уучлаарай.
Би саяхан 3-р сарын 9-нөөс 23-ны хооронд эхнэртэйгээ хамт бас сүмийнхээ хэдэн хүмүүстэй Сингапур яваад эхнэр бид хоёр үргэлжүүлэн Малайзаар жаал явж амарч байгаад ирлээ.
Бидний аялалын нэлээн томоохон хэсэг нь Азийн З-12-н чуулган байсан юм. Тэнд үнэхээр олон зүйл ойлгож шинээр дахин алсын хараагаа сэргээж, зүрх сэтгэлдээ асар их эрмэлзлэлийн дөлийг өвөрлөн ирсэн юм.
Тэгээд тэр их ивээлээсээ бага багаар ч болов блог дээрээ хуваалцах санаатай байна.
Ингээд эхлээд сэтгэлд минь хамгийн их хүрсэн нэг үгнээс эхлэе.
Азийн Засаглал-12 чуулганд алдарт “Delirious?” хамтлаг магтан дуу дээр үйлчилсэн юм. Тэгээд сүүлийн оройн бүрэн хэмжээний концертоо тоглосон. Үнэхээр тасархай авсан л даа. Гэхдээ хамтлагийн ахлагч Мартин Смит (сониноос тэр 6 хүүхэдтэй юм байна лээ.). миний сэтгэлийг зоригжуулсан нэгэн үг хэлсэн нь : to worship God you must love what God loves. Without loving what God loves, without protecting what God protects you can’t worship Him” байв. Монголчилвол, Ертөнцийн Эзэнийг хүндлэн магтахын тулд Түүний хайрладаг зүйлийг хайрлах ёстой. Түүний хайрладаг зүйлийг хайрлахгүйгээр, түүний хамгаалдаг зүйлүүдийг хамгаалахгүйгээр Ертөнцийн Эзэнийг хүндлэх боломжгүй.
Надад энэ үг гайхалтай их итгэл, хүч чадал өгсөн юм. Би тэр дороо “Их Эзэн минь, та юуг хамгийн их хайрладаг, юуг хамгаалдагаа надад улам тод хэлж өгөөч” гэж гуйж эхлэсэн. Тэгээд хамгийн эхний хариу нь “Түүний хүмүүс, Хүн” гэж тэр дороо надад сонсогдох шиг болсон. “юуг хамгийн их хамгаалдаг вэ?” гэхэд “Түүний үнэ цэнэ, ариун байдал” гэх нь сонсогдсон юм. Гэтэл Их Эзэн маань надаас их сонин асуулт эргүүлэн тавьж байх юм. Тэр надаас “Ингэхэд чи яагаад дандаа ...хамгийн их... гэж асуугаад байгаа юм бэ? Их бага гэлтгүй Миний хайрладаг бүхнийг хайрлаж, хамгаалдаг бүхний төлөө өөрийгөө зориулсан нь дээр биш гэж үү?” гэж асууж байна. Тэгээд би Их Эзэндээ хандан “Тиймээ Эзэн минь, Таны зөв, хайрыг тань татдаг бүхэн танд миний үзэмжээс үл хамааран маш их чухал байдаг. Би таны хайрладаг хамгийн өчүүхэн зүйлийг хүртэл хайрлахыг хүсэж байна” гэж билээ.
“Их Эзэн минь, таны хамгийн өчүүхэн хайрладаг зүйл хүртэл миний хайрыг татдаг болгож өгөөч.”