Нэг зүйлийг баттай болгох хэрэгтэй байна аа. Ер нь Есүст итгэдэг хүний хувьд гэм юу юм бэ? гэдгийг. Тийм их сүржигнээд байх зүйл мөн үү биш үү? Бид бүгд л аль болох гэмгүй амьдрах нь зүгээр юм. Яахав дээ, Есүст итгэсэн хүн чинь гэмгүй байх нь сайн биз дээ.
Тиймээ, аль болох л гэмгүй амьдрах ёстой. Тэгээд яахав дээ. “Хүн л болсон юм хойно” гэм хийхгүй байна гэж байхгүй л дээ.
Гэм гэж Христэд итгэгчдийн амьдралд хэзээ ч хүлээн зөвшөөрч болдоггүй, гэхдээ хүн бүр хийхгүй байж хэзээ ч чадахгүй гэдгээ мэддэг нэг зүйл болоод байгаа юм. Энэ талаас харахад бид хэзээч биелүүлэхгүй зүйлээ лоозогнодог олон нүүртүүд байх нь ээ.
Хэн ч олон нүүртэй байх дургүй. Тиймээс ер нь гэмтэй эвлэрвэл яасан юм бэ? “Пөөх, Юу гэсэн үг вэ? Яаж тэгж болдог юм” гэж та хэлэх гэж байна уу? Яагаав дээ нөгөө ийм үед “хэрэгтэй” үг байдаг ш дээ. <<Ертөнцийн Эзэн бол хайр юм. Тэр бидний ямар ч гэмийг уучлана шүү дээ.>>
Үнэхээр Ертөнцийн Эзэн бол асар их хайр энэрэл юм. Бидний хийсэн ямар ч их гэмгийг тэр уучилж, чадна. Бүр чадахгүй бол уруу татаад байгаа гэмээ хийчих, яахав дараа нь уучлалт гуйчихна биз. Тэгээд бага багаар хичээж байтал нэг л мэдэхэд, тэр гэмээсээ салах л байлгүй дээ. Тэ.
Ер нь гэм энэ тэр гээд нэг их сүржигнээд байх зүйл юу байгаа юм бэ? Есүст итгэсэн л бол аврагдана биз дээ. Бид итгэлээрээ л аврагддаг биз дээ.
Үнэнийг хэлэхэд дээр бичсэн бүхэнтэй би санал нийлдэггүй. Тиймээс би энэхүү нийтлэлээ эхлэхдээ "нэг зүйлийг баттай болгох хэрэгтэй байна" гэж бичсэн юм. Өнөөгийн Христэд итгэгчид бид үнэхээр "гэм" гэдэг зүйлийн талаарх ойлголт, итгэл үнэмшилээ нэг тийш болгох хэрэгтэй байна. Бидний эргэн тойрон хэтэрхий олон хүмүүс энэ дэлхийн хүмүүсийн адил гэмт амьдралаар амьдарч байна. Ялгаа нь гэвэл тэд ариун амьдрахаар дуудагдсан хүмүүс бөгөөд гэм хийснээрээ дуудлагаасаа урваж байгаа хэрэг юм.
Христэд итгэдэг хүн:
- Христийн үхэлтэй нэгдсэн нь гэмд боолчлогдсон байдал маань үхсэн болохыг харуулдаг.
- Христийн дахин амилалттай нэгдсэн нь гэмээс эрх чөлөөтэйгээр амьдрах шинэ амьдралтай болсоныг минь гэрчилдэг.
- Христ загалмай дээр нас барсан нь энэ бүхний төлөөс байсан.
Гэхдээ гэм хийж байгаагаараа та дээрх бүх үнэн амьдралд чинь жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байгааг л харуулж байна гэсэн үг. Есүсийн загалмай дээр хийсэн зүйл амьдралд чинь жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байх нь ажил бүтэхээ болиж, мөнгө санхүү хумигдахаас ч илүү харамсалтай алдагдал юм.
Есүс л лав хийх зүйлээ хийсэн, үүний үр дүнг эдлэх үү эсвэл эвдлэх үү гэдгийг та шийднэ. Ингэхэд Христэд итгэсэн гэх таны амьдралд гэм онцын их хортой, нөлөөтэй санагддаггүй бол та өөрөөсөө үнэн байдлаа асуух хэрэгтэй. Магадгүй, Эцсийн шүүлт болоход Есүс таныг хараад танихгүй байх вий дээ.
Тиймээс Гэмт Амьдралаа Хаяцгаая.