Showing posts with label бодол.. Show all posts
Showing posts with label бодол.. Show all posts

Tuesday, December 13, 2011

ҮГ

Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.

Tuesday, November 29, 2011

Би Нэгэн Эр Хүнийг Харлаа.

Би нэгэн эр хүнийг харлаа.
Гаднаас нь харахад онцлох зүйлгүй тэр хүнийг танихын тулд хангалттай удаан хангалттай гүнзгий ажиглалаа. Чулуу шиг хатуу чанар түүнд байна аа. Гэхдээ бүр ган мэт хатуугаараа байна. Ил харагдахгүй боловч энэ чанар нь түүний энгийн байдлаас нь харагдах ажээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд үнэт зүйлээ олсон болохоор, тэр үнэт зүйл нь үнэн хайр, үнэнч чанар учраас түүний чулуу мэт хатуу чанар нь ил биш харин далд байдаг.

Төгс биш энгийн тэр эрийг би харлаа. Алдаж онодогтоо түүнд эр хүн гэдгээ харуулах боломж олдог. Учир нь гаргасан алдаа нь түүнийг үнэ цэнэ дээрээ үргэлжлүүлэн алхахыг нь хориглож чадахгүй. Тэр эр хүн бууж өгдөггүй ажээ. Хэн ч харсан сэхэхээргүй гүн уналтаас тэр хүн босоод эргэж харан амьдралаа нэг тунгааж үзээд өмнө нь өчүүхэн бага боломж үлдсэн ч түүнийгээ аврах гэж үргэлжлүүлэн тэмцдэг тийм эр хүнийг би харлаа. Гаргасан алдаа нь хүний буруугаас биш өөрийнх нь буруугаас болсныг эргэлзээгүй мэддэгтээ тэр амьдралаа өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Гэвч би нэгэн арчаагүй эрийг харлаа.
Түүнийг харахад л тэнэгэр сайхан эр. Өөрт нь байгаа бүхэн нь л өчүүхэн тийм л үнэ цэнэ. Ямар харагдаж яаж аяглах нь түүний гол зорилго. Хорвоогийн бүх зүйл түүний төлөө л байдаг гэж тэд боддог учраас учирсан зовлон бэрхшээл бүхнийг өөрийг нь хохироох гэж байгаа дайрлга гэж андуурна. Яг л тэр мөчдөө тэр бүх хорвоогийн хатуу хүтүүгийн хохирогч болдог. Хохирогч хүн өрөвдмөөр байдаг. Хохирогч хүн бусдын алдааны золиос байдаг тул амьдралыг өөрчлөх агуу хүч өөрсдийнх нь сонголт, шийдвэрүүд дээр байдгийг харах сөхөөгүй байдаг.
Эхнэрээ зоддог, элгэ барьдаг, эмэгтэйчүүдийг хүн гэдгийг нь харах нүдгүй байж нүцгэн биеийг нь дур хүслийнхээ бай болгож явдаг арчаагүй эрийг би харлаа.
Хальт харахад эрэгтэй дүртэй боловч харин дотор нь эр хүн байхгүй хөндий хоосон сүгнүүдийг би зөндөө олныг харлаа.
Би өөрийгөө харлаа.
Жинхэнэ эр хүн бол үнэн хайр, үнэнч чанар дээрээ хатуу зогсохийн тулд өдөр бүрийг тэмцэн өнгөрөөдөг юм байна. Тиймээс би эр хүн болох гэж зүтгэлгүйгээр, эр хүн байх нь чухал ажээ. Амь амьдрал нь зөвхөн өөрийг нь тойрон эргэлддэг арчаагүй тийм эр байх нь хэн бүхнээс тийм ч алслагдсан зүйл биш болохыг ойлголоо. Учир нь жинхэнэ эр хүн болон арчаагүй нэгний хоорондын ялгааг нэг л зүйл тогтоодог ажээ. Алхам бүрдээ ачаагаа үүрч, алдаагаа ухаарч, сонголт шийдвэрүүдээ хувийн хүслээрээ гаргадгүй байх нь л тэднийг хооронд нь заагладаг ажээ.
Тэгээд дараа нь би таныг харлаа... Би юу харсан бол?

Monday, August 1, 2011

Чимээгүй Хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүрийг минь та хэзээч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй
Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотроос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсдог
Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явсан үедээ үүнийгээ та бодсон уу?
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу?
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу?
Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу?
Өөдгүй тэр залуу аав минь байсан юм уу?
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу?
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юу?
Хашгираагүй гэж намайг та бодоо юу?
Хашгирсан шүү ээжээ, хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу?
Үхэл үнэрттэл өвдсөн шүү, ээжээ.
Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу?
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ?
Санахгүй гэж намайг та голоо юу?
Санаанд чинь үр чинь үргэж байгаашдээ одоо
Хамаг дэлхийг танд худалдан авч өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.
Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм.
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм аа.
Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.
Ж.Мөнгөнхэт.

Tuesday, April 28, 2009

Хэтээгийн бухимдал

Хавийн хүмүүст хэлэхэд би гэдэг хүн чинь нэгэн Христийн сүмд пастор хийдэг юм. Тиймээс хүмүүсийн амьдралын янз бүрийн асуудал энэ тэртэй нэлээд зууралддаг гэх үү дээ.
Үнэндээ заримдаа уур хүрэх зүйл байдаг юм.

Саяхан гэхэд л манай "сүмд яваад" нэлээд удаж байгаа эгч маань хэдэн лам нар охиныг нь удган болон тавилантай охин байна гэж хэлсэны төлөө гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад охиноо удган болгоод өөрөө дагахаар болоод "сүмээсээ явчих" юм.

Ингэхэд тэр эгч эхнээсээ Есүст итгэж байсан эсэхэд нь би эргэлзэхэд хүрээд л байж байна. Бидний гэмийг уучилж, мөнхийн зовлонгийн шийтгэлээс чөлөөлөн, шинэ амьдрал өгсөн Есүст итгэхээ хүмүүс олон шашин дундаас аль нэгийг нь сонгох, шашин шүтэх эс шүтэх "эрхээ" эдлэж байгаа төдийгээр л ойлгох юм даа.

Бухимдлаа тайтгартал "Есүс бол цорын ганц Зам, Үнэн, Амь" гэж бүх хүмүүсийн эргэлзээ чичирэн унаж итгэл нь үлдтэл тэнхээ мэдэн орилох юм сан.

Thursday, February 19, 2009

Их Эзэнээс Эмээх нь

...Их Эзнээс би эмээнэ.
Их Эзнээс би эмээнэ.
Их Эзнээс эмээн байж би сайн сайхныг хүснэ
Их Эзнээс би эмээнэ...Хүйтэн шуургатай энэ өдөр тагтаршсан цасан дээгүүр халитардаг гуталтайгаа тэнцвэрээ олж ядан алхаж байхаа би нэг юм сая бодлоо. Ингэхэд би яг одоо унахгүй гэж хичнээн хичээсэн нь харлтирч унахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгээд унахдаа гар хөл эсвэл аль нэг зүйлээ хуга дарахгүй гэж хэн баттай хэлж чадах вэ? гэсэн бодол орж ирлээ. Тэгвэл ч мөн сонин юм болох байхдаа. Цагаан сар болох гэж байхад хугархай гартай яанаа гэж бодов. Тэгээд бас олон чухал зүйлүүдийг хийж чадахгүй болно. За тэгээд өвчин зовиур гэж нэг онцгүй зүйл байдаг. Гэтэл бүр Сингапур явах маань ч өнгөрөх байх даа гэх мэтийн бодол, төсөөлөлүүд ээлж дараалан орж ирсээр намайг нэгэн үнэний өмнө авч ирлээ.

Хэрэв Мөнхийн Эзэн зөвшөөрвөл юу ч тохиолдож болдог юм. Харин өнөөг хүртэл нэг ч яс хугарч үзээгүй маань Түүний энэрэл хайр л байж таараа гэж бодоод түүнийг хүндэтгэн талархах сэтгэлд автсан юм.

Гэтэл үүнээс бүүр гүнзгийрээд би Түүний надад зөвшөөрсөн бүхнийг талархан хүлээн авах ёстой шүү дээ гэж бодлоо. Ингээд Есүс Их Эзэнийг эмээн хүндлэх мэдрэмж бүх оюун ухааныг минь нөмрөн авсан юм.

Би залуу хүний хувьд Түүнээс эмээн айж явах нь зөв ажээ. Тиймээс би Их Эзэнийхээ өмнө бузар гэм хийн уур хилэнг нь хүртэхээс эмээн айж явсан нь дээр. Түүний үгийг зөрчин үнэ цэнээ алдахаас эмээн айж, зөвхөн тэгээд зогсохгүй ивээл рүү хөтлөж байгаа үгийг нь дагахгүй, анзаарахгүй өнгөрөөчих вий гэж эмээн айж. элбэг хангалуун үедээ талархал илэрхийлэлгүй өнгөрчих вий гэж хүндэтгэн айж явах юмсан. Хүнд амьдрал туулах үедээ Мөнхийн Эзэнийхээ өмнөөс уурлан бухимдаж утгагүй хандлага гаргах вий дээ гэж айн эмээж. Хамгаас их хайрыг нь үр дүнгүй өнгөрөөчихвий гэж эмээн хүндлэнэ.

Яг тийм би эмээн хүндэлж явъя. Хэзээ халтирч унахаа мэдэхгүй байх үедээ алхам бүрээ цэгнэн алхадаг биз дээ. Тэгвэл амьдралд тохиолдох бүх зүйл дээрээ Их Эзэнийг эмээн хүндэлж амьдаръя.

Үр бүтээлгүй амьдарч Түүний нэрийг гутаах вий дээ хэмээн эмээж амьдаръя. Агуу их мөрөөдөлд нь хүрэхгүй унах вий дээ гэж эмээн айя. Хамгийн агуу үйлсдээ надаас өөр хүнийг сонгочих вий гэж хүндэтгэн айж байсан нь дээр. Тэгээд намайг харах болгонд нүүрэнд нь тодордог инээмсэглэл өчүүхэн ч гэсэн хумигдах вий дээ гэж эмээн амьдаръя.

Ер нь ингэж эмээн амьдрах нь эрх чөлөө юм байна. Ингэж явсаар халтирч унах үед хүртэл түүнийхээ л хайр дээр унах учираас ер нь баттай нь дээр би ЕРӨӨСӨӨ ТҮҮНЭЭС ЭМЭЭЖ Л ЯВЪЯ.


...Би зөв замаас сэтгэлийн жаргал олж
Түүний үг бидэнд сайн сайхныг өгч
Их Эзэнээс эмээн байж ойр дотно болно.
Их Эзэнээс би эмээнэ...

Sunday, December 7, 2008

No PC

Нээрээ ингэхэд миний амьдрал одоохондоо "NO PC" гэдэг үе дээрээ явж байна. Миний компьютер копут болсон одоохондоо энд тэнд очиж и-мэйл шалгаж явна.
Амьдралд иймэрхүү цаг нэлээд их гардаг тэ. Минийх ч яахав ердөө л "NO PC" цаг. Гэтэл зарим хүмүүсийн амьдралд "NO FOOD" (идэх юмгүй), "NO PLACE TO LIVE" (амьдрах газаргүй) эсвэл "NO CAR" буюу машингүй гэдэг цагаар хүмүүс явдаг. Зарим хүмүүс бүүр "NO LOVE"хайр байхгүй, "NO PEACE" амартайвангүй, "NO HAPPINESS" аз жаргал байхгүй гэдэг үеээр явдаг гээч.
Энэ бүхнийг бодоход миний "NO PC" цагч гайгүй байна аа. Надад идэх зүйл байна, амьдрах байр ч байгаа, машинч яахав мэдээж мөнх биш. Харин надад байгаа хайр, амартайван, аз жаргал үнэхээр хангалттай. Тиймээс Ертөнцийн Эзэндээ талархаж л сууна даа. Хамгийн гайхалтай нь миний явж байгаа "NO PC" цаг удахгүй дуусна тэгээд л би өөрийн хэрэгцээнд маань яг тохирох "NEW PC" цаг руу орно доо.
Нээрээ ингэхэд Христ бол бүхнийг хангагч гэдэгт итгэдэг уншигч нараасаа хүсэхэд миний "NEW PC" цагийн төлөө Ертөнцийн Эзэнээс гуйж байгаарай. Харин Христ бүхнийг хангагч гэдгийг мэддэггүй уншигч нар минь миний итгэдэг Эзэн хэр хүчтэй болохыг удахгүй харах болно.

Saturday, November 29, 2008

Thanksgiving

Саяхан америкийн уламжлалт "Thankgiving" баяр боллоо. Энэ бол миний дуртай америк баяруудын нэг л дээ. Хамгийн гоё нь энэ баяраар гэр бүлээрээ цуглаад сайхан хоол иддэг мөн мэдээж тоглоцгооно. Энэ удаа манай хадмууд маань биднийг гэртээ урьж бид хамтдаа хооллосон. Манай хадам ээжийн хоолыг гүйцэх хоол ховор доо. Бид энэ жил сайхан "Chicken sandwich" идлээ. салахын аргагүй бүх сүмс амтлагчид нь дэндүү амттай байлаа. Заримдаа тийм сайхан юм идэх нь "гэм" ч юм шиг санагддаг даа...

Бид хэд баярын зоогийн дараа. /ширээ нь цэвэрхэн байгаа биз?/


Зүгээр л жишээ....

За энэ бүхэн ч яахав муу хүн идсэнээ... Нээрээ ингэхэд Thanksgiving баяраар хийдэг нэг сайхан заншил бол амьдралаа эргэн харж талархаж болох бүхнээ нэхэн санадаг юм. Надад үнэхээр асар их зүйл байлаа. Ертөнцийн Эзэний хязгааргүй их хайр, надад зааж сургаж байгаа бүхэн, одоо ба ирээдүйд өгөх сайн сайхан бүхнийг яривал барагдахгүйл дээ. Тиймээс би Их Эзэнийгээ миний Ертөнцийн Эзэн байгаад нь л баярлаж явлаа даа.

Tuesday, November 25, 2008

Би хүний ухаалаг байдлыг бишэрдэг

Харин тийн, би хүний ухаалаг байдлыг бишэрдэг.
Хүний мөнгө төгрөг, эд материал цуглуулсан байдлаас илүүгээр хувиа бодож зүрхлэдэггүй ухаалаг байдал намайг гайхшруулдаг. Нийгмийн гарал, нэр хүндээс илүүгээр үнэн шудрагын төлөө хохироход ч бэлэн байдаг хатан зоригт ухаалаг байдлыг би биширдэг. Дур зоргоороо ярин илүү олон үг урсгаж байдаг чалчаа амьтдаас илүү үнэний хүндхэн үгийг дөлгөөн хэлчихдэг цөөн ухаалаг үгэнд би татагддаг. Үйлдэл үргэлж үгнээс зөрөхийг хараад ой гутах бөгөөд үхмэл тэр хоосон амдралаас илүү ухаалаг байдлыг гайхан алмайрдаг.

Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахын төлөөл амьдрах өөрийн зөвийг харуулах гэж зүдэрдэг амьтдаас илүүгээр амьдралд гаргадаг сэтгэлийн хат, бэрхшээлийг давах тууштай байдал, төлөв даруу хэрнээ аливаа зүйлийн хохирогчоор биш харин өөрчлөгчөөр байх ухаалаг занг би бишэрдэг. Амьдралаа дан жүжиг болгосон хүмүүсийг хараад урам хугаравч байгаа бүхэн нь цөөхөн байсан ч нүдны өмнө ил байдаг шудрага хүнийг би хүндэлдэг.

Би ухаалаг үнэнч байдлыг бишэрдэг.