Sunday, February 8, 2015

“Грейгийн амьдралын 50н сүүдэр” өөрийгөө үнэлдэг ямар ч эмэгтэйн Валентиний өдөр үзэх кино биш

Яагаад гэж үү? Үүнийг тайлбарлахын тулд эхлээд уг киноны плоттой хальт танилцья.
  
Хорин хоёр настай коллежийн утга зохиолын оюутан гэнэн цайлган Ана,  27 настай сүпер-царайлаг тэр бумтан Кристиан Грей /охидын жинхэнэ мөрөөдлийн ханхүү/-ээс найзынхаа гуйлгаар ярилцлага авахаар уулзаад улмаар бэлгийн харилцаатай болно. Маш тодорхой Hollywood-н хийсвэрлэл. 
Хэнд ч уйтгартай санагдах болсон энэ плотыг Hollywood нэг л зүйлээр баяжуулан олны сонирхолыг татаж байгаа нь  BDSM хэмээх бэлгийн гажиг хандлагыг энгийн бөгөөд харин ч бүр хүсэл тачаал хангах сайн арга мэтээр харуулдаг.
BDSM  гэдэг нь bondage & Discipline, Domination & Submission, Sadism & Masochism  гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд эдгээр нь  хөдөлгөөнгүй хүлж, залхаан шийтгэл үзүүлэн, өөрийн эрхшээлдээ бүрэн оруулан, хурц өвдөлт, доромжлолоор бэлгийн сэрлээ сэргээдэг гаж хандлага юм. Анагаахын ухаанд үүнийг Sexual Sadism Disorder юмуу Sexual Masochism Disorder гэдэг. Нэг төрлийн сэтгэцийн гажиг.
Коллежийн оюутан Анна-г Грей ийм төрлийн харилцаа руу бага багаар уруу татах бөгөөд уг кино нь эмэгтэй хүн иймэрхүү зүйлд үнэндээ дуртай байдаг гэж харуулж байгаа нь бодит үнэнээс хол зөрүүдтэй бөгөөд харин ч олон залуу охидын сониуч зангаараа дээрх маягийн гаж харилцаанд орж үзэхэд өдөөдөг аж. Үнэндээ энэ бүхэн орчин цагийн порно киноны элементүүд бөгөөд огтхон ч шинэ зүйл биш ажээ.
Киноны үйл явдлын турш Грей Аннаг өөрийн эрхэнд оруулах янз бүрийн арга хэрэглэх, цаашлаад түүнийг айлган сүрдүүлэх, түүнд уурлан ширүүн хандах, биеийг нь гутаан доромжлох замаар бэлгийн дур хүслээ хангаж байгаа тухай гарах боловч энэ бүхэнд Аннаг дуртай байгаагаар дүрслэсэн нь орчин үед газар аваад байгаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг дэмжин, эмэгтэй хүнийг эрэгтэй хүний дур хүслээ хангах обьект төдий болгож харуулж байна.
Киноны турш бэлгийн гаж донтой баян царайлаг залууг сэтгэлзүйн хувьд өрөвдмөөр хүнд донгийн хохирогч бөгөөд Анна түүний хүссэн бүхнийг биелүүснээр  тэр гаж хандлагыг нь эдгээж байгаагаар харуулсан нь бодит амьдралын үнэнд огтхон ч нийцэхгүй бөгөөд харин ч гаж донтой эрэгтэйчүүдийн хүслийг биелүүлэх нь эмэгтэй хүний хийх ёстой зүйл, үүрэг мэт сэтгэгдэл төрүүлж байна.
 Киноны гол дүр болох Кристиан Грейд тоглосон жүжигчин Жамми Дорнан “Улаан өрөөний зураг авалтууд тун хүнд байсан. Заримдаа тэнд бараг ямар ч хувцасгүй Дакотад би эмэгтэй хүнд хэзээч хийхгүй тийм зүйлээ  хийж байгаагаар жүжиглэх хэрэгтэй болсон” гэж Glamour сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Харин Аннад тоглосон Дакота Жонсон “Зураг авалтын тайзан дээр орноос хүлэгдэн нүцгэн хэвтэх маш стресстэй байдаг” гэж ярьсан нь ямар ч энгийн эмэгтэй хүний хувьд BDSM харилцааны обьект байх хүсэх зүйл биш гэдгийг харуулж байна.
Зүгээр л кино ш дээ. Юун сүртэй юм ганц кино үзээд юу л болов гэж хэмээн зарим нэг нь ярих байх.
Кино BDSM-н гаж бэлгийн харилцааг маш ил задгай харуулдаг бөгөөд нийтэд өгч байгаа гол агуулга нь ийм төрлийн бэлгийн харилцаа нь зугаатай хүчтэй, харин энгийн бэлгийн харилцаа нь уйтгартай хэмээн харуулж байна. Энэ киног үзсэн ямар ч эрэгтэй хүний хувьд “нэг ингэж үзэхсэн” гэсэн сэтгэгдэл төрнө. Хүн киноноос  шинэ сэтгэгдэл, сэдэл авч байдаг. Тиймээс удахгүй нөхөр, эсвэл найз залуу чинь чамаас тийм секс хүсэмжлэх болно гээд боддоо. Тэр хүслийг нь хангаж өгвөл дахиад тийм зүйл хүсэхгүй болдог гэж кино харуулах боловч жинхэнэ амьдрал дээр хүн улам гажиг зүйлийг эрэлхийлж эхлэдэг юм. Архи, хар тамхи хэрэглээд хүн тэр дур хүсэл нь ханадаг гэжүү. Тэгвэл архи, хар тамхи, секс гурав хүний гормон ялгаруулалтанд нөлөөлдөгөөрөө адил тул яг адилхан үр дүнг хүнд өгдөг юм. Эндорфин гэдэг гормоны тухай гүүглээс олоод уншчихаарай.
Эхнэр, найз охин нь тийм зүйл хийхээс татгалзвал (ихэнхи нь мэдээж тийм гаж зүйл хийхээс татгалзана шүү дээ) тэд өөр газраас хайна. Ийм зүйлийг энгийн бүсгүйчүүдээс олж авахгүй тул бэлэн зарагдаж байдагаар нь биеэ үнэлэгчдээс хайна. Мөнгөө төлж байхад ... гэдэг биз дээ. Бие үнэлэгчид ч гэсэн ийм зүйлд эвгүйцэх нь ойлгомжтой тул тэр эрчүүдийн гаж сонирхолыг хүчээр биеэ үнэлүүлж байгаа хүний наймааны хохирогчид л үүрнэ. Ийм л чөтгөрийн тойрог л эргэлдэж эрчээ авч эхлэнэ дээ.
Аан хэнд ашигтай вэ гэж үү.
Юу ч хамаагүй зарж хэдэн сая доллар өвөрлөх Hollywood-д ашигтай. Үнэ цэнээ бүр мөсөн алдсан хүний наймааны хохирогчийг дарамтлан зарах зуучлагч нарт ашигтай. Олон мянган эмэгтэйчүүдийг эрчүүдийн гаж донгийн эрэлтэд зарж байдаг порно киноныхонд аймаар ашигтай.
Гэвч энэ бүхний үр дүнд эмэгтэй хүний үнэ цэнэ унаж, тэдний эсрэг хүчирхийлэл үргэлжилсээр, бага насны охид хөвгүүд бэлгийн хүчирхийлэлийн бай болсоор л байх болно.
Энэ бүх шалтгааны улмаас би энэ киног үзэхгүй
Грейгийн амьдралын 50 сүүдэр хэмээх энэ кино нь эмэгтэй хүний биеийг хүндэлдэг эрчүүдийн хайртай хүнээ дагуулж явах кино биш бас өөрийгөө үнэлдэг бүсгүйн Валинтиний өдрөөр дагаж яваад үздэг кино огт биш.
Тэр хийсвэр дүр болох Кристиан Грейгийн амьдралын 50 сүүдэр надаас л хол өнгөрөг. Би л лав худалдаж авахгүй. #I’mnotbuying.  

No comments: