Friday, August 16, 2013

Лаа ба шүдэнз



Шүдэнз Лаанд хэлсэн нь: Алив анд минь гэрэлтээч. Би чамайг асаагаад өгөх үү?

Лаа хариуд нь
 "Хэрэггүй, хэрэв би асвал улам жижигрэн, өнгө будаг хэлбэр дүрсээ алдана шүү дээ. Тэгээд хэн намайг хараад "ямар сайхан лаа вэ?" гэж хэлэх вэ дээ! Хэрэггүй, найз минь".

Шүдэнз:
 Энд харанхуй байна шүү дээ, хэн ч чиний сайхныг харахгүй шүү дээ! Чи заавал асах хэрэгтэй гэв.

Лаа:
 "Тэр надад хамаагүй би үргэлж гоёоороо байхыг хүсэж байна" гэлээ.

Шүдэнз түүнийг орхин өөр нэгэн лааг гэрэлтүүлээд өөрөө ганц хором хүрэхгүй шатаад дуусжээ. Шүдэнзний асаасан тэр лааны гэрэлд эргэн тойроны бүхийл зүйл тодорон харагдахад асаагүй үлдсэн лаа үнэхээр сайхан харагдаж байлаа. Өөрийн гоё сайхныг үзэж ханаагүй лаанд, асаж буй лааны гэрэл рүү инээмсэглэн харах хүүгийн цогтой нүд, нялх хүүхдээ хайрлан энхрийлж буй ээжийн царай, зэрэг хүний амьдралын нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй олон зүйлсийг харах сөхөө үгүй байлаа.

Хичнээн удаан өөрийгөө л харан баяссан юм бүү мэд хажуудах бүхэн өөрийг нь бас харж гайхан байгаадаа хэмээн бодсоор эргэн тойрноо харахдаа л тэр асаж буй лааны гэрэлд хайр, итгэл, баяр хөөр, гэр бүл, гэх мэт хүний амьдралд байгаа бүхэн өөртэй нь зүйрлэшгүй үзэсгэлэнтэй болохыг хараад гайхан алмайрчээ.

Гэвч тэр бүх орчныг бүхэлд нь харж чадсангүй. Түүний гоёомсог бие асаж буй лааны гэрлийг халхалан өрөөний нэгээхэн хэсгийг харанхуйлан байлаа.

Хэрэв өөрөө л асахаас нааш тэрхүү харанхуйд өөр ямар гоо үзэсгэлэн, гайхамшиг нуугдаж байгааг мэдэх арга өнөөх лаанд байсангүй.

Хэтээ.

Та энэ амьдралд нэг бол гэрэлтэнэ эс бөгөөс харанхуйлна.
Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй тул хүйтэн байдаг.

Tuesday, December 13, 2011

ҮГ

Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.

Tuesday, November 29, 2011

Би Нэгэн Эр Хүнийг Харлаа.

Би нэгэн эр хүнийг харлаа.
Гаднаас нь харахад онцлох зүйлгүй тэр хүнийг танихын тулд хангалттай удаан хангалттай гүнзгий ажиглалаа. Чулуу шиг хатуу чанар түүнд байна аа. Гэхдээ бүр ган мэт хатуугаараа байна. Ил харагдахгүй боловч энэ чанар нь түүний энгийн байдлаас нь харагдах ажээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд үнэт зүйлээ олсон болохоор, тэр үнэт зүйл нь үнэн хайр, үнэнч чанар учраас түүний чулуу мэт хатуу чанар нь ил биш харин далд байдаг.

Төгс биш энгийн тэр эрийг би харлаа. Алдаж онодогтоо түүнд эр хүн гэдгээ харуулах боломж олдог. Учир нь гаргасан алдаа нь түүнийг үнэ цэнэ дээрээ үргэлжлүүлэн алхахыг нь хориглож чадахгүй. Тэр эр хүн бууж өгдөггүй ажээ. Хэн ч харсан сэхэхээргүй гүн уналтаас тэр хүн босоод эргэж харан амьдралаа нэг тунгааж үзээд өмнө нь өчүүхэн бага боломж үлдсэн ч түүнийгээ аврах гэж үргэлжлүүлэн тэмцдэг тийм эр хүнийг би харлаа. Гаргасан алдаа нь хүний буруугаас биш өөрийнх нь буруугаас болсныг эргэлзээгүй мэддэгтээ тэр амьдралаа өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Гэвч би нэгэн арчаагүй эрийг харлаа.
Түүнийг харахад л тэнэгэр сайхан эр. Өөрт нь байгаа бүхэн нь л өчүүхэн тийм л үнэ цэнэ. Ямар харагдаж яаж аяглах нь түүний гол зорилго. Хорвоогийн бүх зүйл түүний төлөө л байдаг гэж тэд боддог учраас учирсан зовлон бэрхшээл бүхнийг өөрийг нь хохироох гэж байгаа дайрлга гэж андуурна. Яг л тэр мөчдөө тэр бүх хорвоогийн хатуу хүтүүгийн хохирогч болдог. Хохирогч хүн өрөвдмөөр байдаг. Хохирогч хүн бусдын алдааны золиос байдаг тул амьдралыг өөрчлөх агуу хүч өөрсдийнх нь сонголт, шийдвэрүүд дээр байдгийг харах сөхөөгүй байдаг.
Эхнэрээ зоддог, элгэ барьдаг, эмэгтэйчүүдийг хүн гэдгийг нь харах нүдгүй байж нүцгэн биеийг нь дур хүслийнхээ бай болгож явдаг арчаагүй эрийг би харлаа.
Хальт харахад эрэгтэй дүртэй боловч харин дотор нь эр хүн байхгүй хөндий хоосон сүгнүүдийг би зөндөө олныг харлаа.
Би өөрийгөө харлаа.
Жинхэнэ эр хүн бол үнэн хайр, үнэнч чанар дээрээ хатуу зогсохийн тулд өдөр бүрийг тэмцэн өнгөрөөдөг юм байна. Тиймээс би эр хүн болох гэж зүтгэлгүйгээр, эр хүн байх нь чухал ажээ. Амь амьдрал нь зөвхөн өөрийг нь тойрон эргэлддэг арчаагүй тийм эр байх нь хэн бүхнээс тийм ч алслагдсан зүйл биш болохыг ойлголоо. Учир нь жинхэнэ эр хүн болон арчаагүй нэгний хоорондын ялгааг нэг л зүйл тогтоодог ажээ. Алхам бүрдээ ачаагаа үүрч, алдаагаа ухаарч, сонголт шийдвэрүүдээ хувийн хүслээрээ гаргадгүй байх нь л тэднийг хооронд нь заагладаг ажээ.
Тэгээд дараа нь би таныг харлаа... Би юу харсан бол?

Monday, August 1, 2011

Чимээгүй Хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүрийг минь та хэзээч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй
Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотроос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсдог
Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явсан үедээ үүнийгээ та бодсон уу?
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу?
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу?
Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу?
Өөдгүй тэр залуу аав минь байсан юм уу?
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу?
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юу?
Хашгираагүй гэж намайг та бодоо юу?
Хашгирсан шүү ээжээ, хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу?
Үхэл үнэрттэл өвдсөн шүү, ээжээ.
Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу?
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ?
Санахгүй гэж намайг та голоо юу?
Санаанд чинь үр чинь үргэж байгаашдээ одоо
Хамаг дэлхийг танд худалдан авч өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.
Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм.
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм аа.
Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.
Ж.Мөнгөнхэт.

Friday, May 7, 2010

G12-г зөв ойлгох нь - 1 хэсэг

G12-н талаар ойрд нэлээд шуугиж байх шиг бололтой. Монголд сурагч үгүй байсан нэлээд хэдэн Христийн сүмүүд энэхүү зүйлд орсноос болж асар хурдацтай өсөж байгаа болохоор арга ч үгүй биз. Гэвч G12-ыг янз бүрээр хардаж сэрдэх, түүнийг буруу урсгал мэтээр хүлээн авах нь мөн л багагүй л тохиолдож байна. Тиймээс G12-н талаарх зөв ойлголтыг зөвхөн G12 мэдэхгүй хүмүүст болон G12-н сүмүүдэд байгаа хэрнээ ойлгохгүй байгаа хүмүүст зориулан хэд хэдэн цуврал нийтлэхээр шийдлээ.

Ингээд нэрнээс нь эхлье.



1. Засаглал-

G12- гэж яригдаад байгаа энэ нэрний цаад учир нь их чухал ойлголтыг илэрхийлж байгаа юм. Энэ G гэдэг нь “group” гэдэг үгийн товчлол биш харин “Goverment” буюу засаглал гэдэг үгийг илэрхийлж байдаг. Гэхдээ үүнийг төр засаг, улс төртэй андуурч ойлгож болохгүй шүү. Энэ нь Христэд итгэгчид бид Ертөнцийн Эзэний хайр ба үнэнч шудрага байдлаар эргэн тойрон нийгэмдээ сайн нөлөө болж байхыг хэлж байгаа юм.

Есүс бидэнд үйлчлэх гэж ирсэн биднийг бас бусдад үйлчлүүлэхээр дуудсан байхад яахаараа энд засаглах тухай ярьдаг байна гэж зарим нэг хүмүүс гайхаж байх шиг байна. Тиймээ, Их Эзэн маань үнэхээр бидэнд үйлчилсэн юм. Гэхдээ тэр бидэнд үйлчилсэн тэр үйл явдал нь ердөө түүний агуу их хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга зам байсан бөгөөд тэрхүү бүхний зарц болсон хаантан маань энэ дэлхийд хүн болж төрөөд биднийг аврахын тулд энэхүү агуу үйлчлэлийг хийсэн нь түүний туйл зорилго биш байсан юм. Есүсийн хамгийн туйлын зорилго бол бидэнд үйлчилэн байж биднийг өнөөгийн ядуу дорой, гэмт бузар, боолчлолын байдлаас маань чөлөөлөн өөрийн цог жавхлант эрх мэдэлт амьдралдаа оруулахад оршиж байжээ. Тэр бидэнтэй өөрийн хаан ширээгээ хуваалцан, өөрийн хаанчлалаа бидэнтэй хамт захирахыг юунаас илүү хүсдэг юм.

Ертөнцийн Эзэнээс илүү эрх мэдэл гэж үгүй. Энэ хорвоо дээр тэр бүхнийг захирч бүх зүйл түүний хүслийн дагуу эргэж байдаг. Гэвч тэр өөрийн энэхүү эрх мэдлээ өөрийн хайр энэрэл, сайхан сэтгэлийнхээ үүднээс газар шорооноос бүтээсэн хүн бидэнтэй хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг нь эрх мэдэл төгс түүний чин хүсэл байсан.

Энэ дэлхийг бүтээсэн түүний зорилго нь хүн бид байсан юм гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэр биднийг л бодож энэ тэнгэр огторгуй, уул нуруу, ус далай, гол мөрөнг бүтээсэн юм. Тэр биднээр яах гэж энэ бүхнийг бүтээсэн бэ гэдгийг бид Эхлэл 1:28 аас илэрхий харж чадна. Энд хэлэхдээ:




Тэгээд тэднийг ерөөхдөө:
Үр удам чинь олширч, өнөр өтгөн болоод, газар сайгүй амьдарч, түүгээрч барахгүй тэнгис далайн амьтад, тэнгэрт нисэх жигүүртэн шувууд болон газар дээр амьдрагч бүх амьтныг захирч энэ дэлхийг эзэгнэсүгэй гэв.




Ертөнцийн Эзэн бүхнийг эзэгнэн захирдаг боловч үүнийгээ бидэнтэй хуваалцахыг мөрөөддөг ажээ. Тэр анх хүнийг бүтээхдээ энэ дэлхийг засаглан захируулахаар бүтээсэн аж. Энэ талаар мөн дуулал 8р бүлэг дээр бас л гардаг.




Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо
Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?


Та түүнийг Бурханаас арай дор болгож,
Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.
Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан ...


Бусад бүх бүтээлийн гайхамшигтайг нэг нэгэнгүй судлан харсан ч хүн гэдэг шорооноос бүтээсэн энэхүү бүтээл шиг алдар хүндэтгэлийн титэм өмссөн нэгэн үгүй. Энд хүнд “Титмийг өмсгөсөн” гэж байгаа нь Ертөнцийн Эзэн тэднийг захирах эрх мэдэлд тавьсан гэсэн үг юм.

Хүн бид гэмт байдлыг сонгон түүний агуу их хайр энэрэл, эрх мэдлийг голсноор гэмийн бүрэн боолчлолд унаж, улмаар хэзээч салшгүй мөнхийн шийтгэлийг хүртвэл зохих хувь тавилангаар амьдарч, үхмэл сүнстэй, сүйрсэн амьдралтай байхад Их Эзэн Есүс маань энэ дэлхийд хүн болон ирж амиа өгсөн нь мөн л биднийг зүй ёсны маань байр сууринд дахин суулгаж хамгаас дээд түүнтэй хамт Ертөнцийн Эзэний хаант улсыг өвлөн авах боломжоор хангасан ажээ. Үүний үндсэн санаанд мөн л нөгөө хаанчлал, болон засаглал гэсэн санаа явсаар л байдаг. Үүнийг бид Үзэгдэл номноос илүү доторхой харж болдог.




"Биднийг хайрладаг бөгөөд Өөрийн цусаараа биднийг нүглээс минь чөлөөлж, биднийг хаадууд болон Бурхан ба Өөрийн Эцгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен. (Илчлэл 1:6)



Биднийг өөрийн цусаараа гэмээс минь чөлөөлж хаадууд болгосон нь биднийг эрх мэдэлтэй болгох гэсэн мөрөөдөлдөө хүрсэн байгааг илэрхийлж байна. Бид Христэд итгэн түүнийг хүлээн авсанаараа түүний хүслийн дагуу энэ дэлхий дээр түүний бүрэн засаг захиргааг хэрэгжүүлэх эрхтэй болсон юм. Бид энэ дэлхий дээр түүний хайр ба үнэн ариун байдлаар хаанчилж, түүний захиргаанд мөн захируулан үйлчилэх дуудлагатай билээ.

Ертөнцийн Эзэний бүтээсэн бүх бүтээл дундаас зөвхөн хүн л өөрийн сайн дураар сонголт хийх эрх мэдэлтэй байдаг бөгөөд үүнийхээ үр дүнг амсаж байдаг. Энэ дэлхийд болж байгаа бүх муу муухай зүйлүүд хүн Ертөнцийн Эзэнийг дагахаас татгалзсанаас болж байгаа. Гэвч энэ нь Ертөнцийн Эзэн бүхнийг захирч чадахгүй байна гэсэн үг бишээ. Ертөнцийн Эзэн бүхнийг захирдагаа байнга харуулсаар ирсэн. Үүнийг зөвхөн өөрт нь итгэж гэм бүрээ түүний цусаар угаалгасан хүмүүс л хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байдаг.

Христэд итгэгч G12 сүмүүдийн итгэгчид, эсийн бүлгийн ахлагч удирдагч нар, болон пасторууд үүнд л итгэдэг. Бид Ертөнцийн Эзэний засаглал, хаанчлал, энэ дэлхий дээр түүний Сүнсний хүч чадал, түүний үгний эрх мэдлээр биднээр дамжин хэрэгжих ёстой гэдгийг мэддэг, бас итгэдэг, бас хэрэгжүүлдэг. Бид энэ дэлхийд ялагдсан, нуугдсан амьдралаар амьдрах гэж, зөвхөн зовлон зүдгүүрээрээ хожмийн амьдрал, мөнхийн улсдаа шагнал хураах гэж дуудагдаагүй. Харин Ертөнцийн Эзэний засаглалыг өөрсдийн амьдрал, гэрчлэлээрээ болон, Хурганы цусны хүч чадлаар харуулах гэж дуудагдсан юм.

Tuesday, October 6, 2009

Чимээгүй цагийн гайхамшиг

Би ер нь тийм ч их шашинлаг хүн биш. Ямар нэгэн зүйлд хэт захирагдан, үзэл бодол маань хэт нарийн давчуу болчихвий гэж байнга л айж явдаг хүн. Тиймдээ ч тэр үү чимээгүй цаг гэдэг (англиар Quiet time гэдэг дээ?) зүйлийг тийм чухалд тооцож байгаагүй юм. Мэдээж хийж байвал хэн бүхэнд ашигтай л зүйл гэж мэддэг байсан нь үнэн. Гэвч чимээгүй цагаа тогтмол хийдэг өч төчнөөн итгэгчдийн гаргаж байгаа нялх балчир зан чанаруудыг хараад, "ер нь энэ чимээгүй цаг гэдэг зүйл ер нь хүнд тийм ч ашигтай зүйл мөн үү" гэж боддог болчихсон байсан юм.

Харин сүүлийн үед би энэ талаарх бодлоо нэлээд өөрчлөөд байна. Чимээгүй цаг хэмээх Ертөнцийн Эзэнтэй ярьж өнгөрөөдөг өглөөний цаг бидний сүнсний амьдралын амралт, хоол тэжээл болдог бөгөөд олон хүмүүс энэ нандин болзоонд Ертөнцийн Эзэнтэй байнга явдаг учраас итгэлийн амьдралдаа (энэ дэлхийн амжилтаар биш ч) сүнсээрээ хүчирхэн амьдарсан байдаг юм байна. Мэдээж үр дүн багатай чимээгүй цаг гаргадаг хүмүүс зөндөө л байдаг байх.

Тиймээс би өөрөө энэ гайхамшигтай зүйлийг Их Эзэнтэйгээ тогтмол хийж заншихаар шийдээд байна.

Өдөр бүрийг Ертөнцийн Эзэний хүч чадалтай нүүр тулан эхлүүлж, өглөө бүрийг Түүний агуу их амлалтуудаар угтах нь юутай гайхалтай байна гээч. Чимээгүй цаг гаргадаг хэрнээ амьдрал, зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс ч яахав тэндээ л байдаг юм байгаа биз. Харин би өглөө бүрийг Ертөнцийн Эзэний хүч, үнэн, аврал миний амьдралд бодитой байгааг өдөр бүр итгэлээрээ харж өөрийн болгон авч байна.

Би чимээгүй цагаа хэрхэн хийдэг талаараа бага зэрэг хуваалцья:
1. 5 минут ер бусын хэлээр ярьдаг. (бараг дандаа л 10 минут болдог доо.)
2. Библиэс нэг бүлэг уншдаг. (бас л хоёр гурван бүлэг болох нь олон)
3. Уншсан зүйлээ тунгаан бодож өөртөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ бодонгоо Ертөнцийн Эзэнтэй ярьдаг.
4. Тэмдэглэл хөтлөнө.
5. Бусдын төлөө болон өөрийнхөө хэрэгцээний төлөө зуучлан гуйлт хийдэг.

Танд хэрэг болвол авч хэрэгжүүлээд үзээрэй.
Христийн Нөхөрлөлийнхөн харин заавал хэрэгжүүлвэл сайн байна.

Tuesday, July 28, 2009

нэг том алхам

Миний бага хүү Кенни (3 нас) нэг том алхам хийж байгаа нь. Тэр ер нь хүндрэх тун дургүй бөгөөд хэзээ ч том жорлон хэрэглэж байгаагүй юм.

Түүний хувьд энэ бол маш их хүч шаардсан ажил л шүү. Дүлээд байгаарай! хүү минь!