Friday, August 16, 2013

Матрын нулимс


"... Матар их муухай амьтан, төрүүлсэн үрээ идээд араас нь ганц дусал нулимс унагаадаг гэсэн..." бага байхад минь нэгэн удаа нагац эгч минь надад ийнхүү ярьж билээ. Тэр үед "үнэхээр ямар муухай амьтан бэ үрээ идээд араас нь хуурамч дүр үзүүлэн уйлах нулимс бас гардаг байх нь ээ" хэмээн миний балчир сэтгэл хэртхийж байж билээ.

Та ингэхэд "матрын нулимс" гэдэг хэлц сонсож байсан уу?


Англи хэл мэддэг хүмүүс "crocodile tears" гэдэг үг сонссон л байлгүй дээ.

Яг үнэндээ матар гэдэг амьтан төрүүлсэн үрээ үнэн сэтгэлээсээ санаа тавин халамжилдаг бусад олон амьтадын нэг юм. Тэрээр асар мэдрэмтгий амандаа үр зулзагануудаа тээгээд авч явдаг бөгөөд энэ нь балчир тэр зулзагануудад нь хамгийн хамгаалалтай газар болдог байна.

За одоохондоо биологийн хичээлээ өндөрлөе.

Ингэхэд миний матрыг жигшсэн шалтгаан юу байваа.

шалтгаан нэг: Өөрийн бузар хүсэлдээ автан үрээ иддэгт нь.

Амьтан болгонд дур хүсэл байдаг. Тэр болгоныг хангах гэж амьдралаа бардаг явдал нилдээ л байдаг. Харин үүнд байдаг хамгийн доод төрөл нь бусдыг үүнийхээ төлөө золиослох байдаг. Тиймээс өлсгөлөн байдалдаа автан үрээ идсэнд нь би эвгүйцсэн байх.

шалтгаан хоёр: үрээ алдсан амьтан болж худлаа уйлсан нь.

Хүний гаргаж байдаг араачгүй олон зан чанарууд байдагаас надад хамгийн олиггүй санагддаг нь өөрийгөө хохирогч нь гэж тооцуулах гэж оролддог байдал юм. Тохиолдож байгаа бүхэнийхээ хохирогч нь байж өөрийгөө авч гарах нь олон хүмүүсийн хувьд чухал байдаг. Тэд өөрсдийн гаргасан алдаанаас болж бусад хүмүүс хэрхэн хохирч байгааг тоодоггүй харин ч тэдний үйлдлийн золиос болсон гэж өөрсдийгөө хардаг.

Та магадгүй мэднэ байх гэмт хэрэгтэнүүдийн 95 хувь нь өөрсдийгөө ямар нэгэн зүйлийн золиос болсон гэж үздэг. нийгэм, улс төр, бүтээгүй дурлал, архи, найзууд, урвагчид ... гэх мэт тэд гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн бүх ГАДНЫ шалтгаануудыг хэлнэ. Хэн нь ч БИ ҮНЭХЭЭР ШУНАХАЙ УЧИР ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМ гэж хэлэхгүй. харин өссөн амьдрал, найз нөхөд, санхүүгийн байдлыг л буруутган суудаг.

Наранд байгаа хүмүүс ч үүнээс дутахгүй. Тэдний хувьд ажилдаа хоцорход замын түгжрэлийг буруутгана, архинд орсондоо амьдралыг буруутгана. Гэр бүлээ араар тавьсандаа "үнэн зүрхнээсээ" эхнэр хүүхдээ эсвэл нууц амрагаа буруутгана. Шалгалтанд унавал хичээл давтаагүй өөрийгөө биш харин хичээл давтахад саад болсон бүх шалтгааныг буруутгана. жирэмсэн болвол хэвлий дэх үрээ хараан буруутгана. Энэ мэтчилэн өөрийн үүрэх байсан хариуцлага бүхнийхээ төлөө өрөөл бусдын золиос болсоноо гайхан бусдыг буруутгана. Яг л матар "энэ өлсгөлөнгөөс (магадгүй зүгээр л нэг биеийн хүслээс) болж үрээ идэхэд хүрэх ч гэж дээ" хэмээн өөрийгөө өрөвдөн уйлсан мэт.


шалтгаан дугаар гурав: Дуссан тэр нулимс нь ганц дусал байхдаа яахав дээ.

Хэтэрхий хатуу сонсогдвол намайг та уучлаарай.

Буруу зүйл хийсэн хүмүүсийн хувьд үйлдэлдээ таарсан хор нөлөөгөө амсах нь зөв гэж намайг хэлвэл яасан хатуу хүн бэ өөрийгөө оронд нь тавиад үзээч гэж хэлэх хүн олон байгаа биз. Тиймээс би тэгж хэлэхгүй. Харин хэргийн учир нь хэн юу хийснийхээ төлөө юу эдлэх ёстой вэ гэхээсээ илүүгээр үнэндээ хийсэн зүйлийнхээ төлөө харамсан жигшиж байна уу гэдэгт байгаа юм.

Миний нэг найз өөрт нь хохирол учруулсан намайг уучлаарай гэж хайнгадуу хэлэхийг минь сонсоод "Наад 'уучлаарай' -гаар чинь би одоо аях вэ? ИДЭХ ҮҮ?!" гэж хэлж билээ. Тэр цагт эргэж яаж ч харамсаад нөхөж болохгүй зүйл гэж байдаг юм байна гэж би ойлгосон юм. Хальт сонсоход инээдэмтэй боловч энэ үг чиний "уучлаарай" болон нулимс чинь ямарч үнэ цэнэгүй байдаг ажээ. Урсгасан ганц нулимсаараа өөрийгөө хүн хэвээрээ байгаа юм байна гэж батлах хэрэггүй матар ч бас ганц нэг нулимс унагаадаг юм.


За за би уучлраарай л гэсэн биздээ.

Ингээд бодоход бидэнд буруу ойлгогдон жигшил төрүүлсэн матрыг хэлэлтгүй хүн өөрөө жинхэнээсээ матарын нулимс унагаадаг юм биш үү. Үнэхээр хайртай гэх мөртлөө өөрийгөө л бодон хэнийг ч золигт гаргаж чадах зориг хүнээс л гардаг.

Тиймээс, хүүхдүүддээ хайртай гэх мөртлөө ээжээс нь салаад явах Аав нарыг, уучлаарай гэсэн мөртлөө урвагч болдог найз нарыг, ямарч аргагүй гээд үр хөндүүлдэг ээж нарыг, Амьдралд гутарсандаа архинд ордог архичдийг, охиноо бэлгийн мөлжлөгт оруулдаг Аав, ах нарыг, ер нь өөрийгөө зөвхөн бодоод бусдыг гаргуунд гаргасан хүн болгоны унагах нулимсыг МАТРЫН НУЛИМС гэж хэлэхэд болох нь ээ.


Хэтээ

2008 он

No comments: