Friday, August 16, 2013
Нарт Ертөнцийг л харах юмсан
Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Ж.Мөнгөнхэт 2000 он
Энэ шүлгийг хэн дуртай нь юу дуртай хэлбэрээрээ ашиглаж болно. Харин зохиогчийн нэрийг нь заавал дурдаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment