Friday, August 16, 2013

Хөөрхий тэр охин


Залуу чамтай ханилан суух тавлинтай хөөрхий тэр охин...

Хөөрхий дөө тэр нэгэн охин үнэт хайраа чамд өгөөд өөрт чинь үхтлээ дурлаад чамтай гэрлэх болно. Хамгийн сайн сайхнаа чамтай хуваалцах тэр нэгэн охинд харин өгөх зүйл чамд юу сан билээ. Залуу чиний түүнд зориулахаар үлдээсэн зүйлийг эргэн бодоод... Хөөрхийдөө тэр нэгэн охин гэсэн сэтгэл төрсөн юм.

Бараг харсан охин болгондоо хэлчихдэг байсан хэн нэгний үлдээсэн хоолны шавхаруу шиг "хайртай шүү" гэдэг үгийг чинь тэр охин сонсоно. Гэхдээ тэр охины цайлган сэтгэл үүнийг чинь голохгүй байх л даа.

Хамгаас хөөрхөн харагдаад байна гэхээр чинь баярлан хүлээн авах тэр охин үнэндээ хичнээн хүн чамд хөөрхөн харагддагийг үл мэдэх биз.

Үнэхээр чамд л үзэсгэлэнтэй харагдчих юм сан гээд тэр охин аль байдгаараа байх гэж хичээхдээ өмнө чамтай учирч байсан бүх охидтой дотроо өрсөлдөж зовно.

Зүгээрээ би чамайгаа уучилсан гэж шархалсан зүрхэнээсээ тэр охин хэлээд "даана ч дээ чи минь наддаа үнэнч байхгүй яавдаа" гэж дотороо гутрах байхдаа. Амархан уучлах тэр сэтгэлийг хүртэх эрхтэй хүн нь тэгээд чи мөнүү бишүү ингэхэд...

Хөөрхий дөө тэр нэг охин. Үзэсгэлэнт гүнж байх юм сан гэж хүсэн мөрөөддөг байсан сэтгэл нь чиний эхнэр болоод чиний үр хүүхдүүдийг төрүүлэн өртэй юм шиг чиний төлөө л гэж амьдрах болно. Гэтэл тэр үед түүнийг гомдоох зүйл тоолж баршгүй гарч, өөрт чинь хайртай болсоных нь төлөө шийтгэх гэсэн юм шиг л чи тэнэгтэж болохгүй шүү.

Үнэт хайраа чамд өгөн амьдрахдаа чамайг жаргааж, чамтай жаргах гэж л тэр охин найдаж байгаа. Түүнд өгөх зүрх сэтгэлээ одооноос хамгаалан "Ганцхан чамд л би үүнийг хадгалсан юм" гэж хэлэх үнэт зүйлтэй байх нь Залуу чиний жаргал болох хөөрхий тэр охинд өгөх хамгийн үнэт зүйл шүү гэдгийг бүү мартаарай.

Хөөрхий тэр охин.


Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.


Хэтээ.
2008.07.09

No comments: