Friday, August 16, 2013

Нарт Ертөнцийг л харах юмсан



Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Ж.Мөнгөнхэт 2000 он

Энэ шүлгийг хэн дуртай нь юу дуртай хэлбэрээрээ ашиглаж болно. Харин зохиогчийн нэрийг нь заавал дурдаарай.

Хөөрхий тэр охин


Залуу чамтай ханилан суух тавлинтай хөөрхий тэр охин...

Хөөрхий дөө тэр нэгэн охин үнэт хайраа чамд өгөөд өөрт чинь үхтлээ дурлаад чамтай гэрлэх болно. Хамгийн сайн сайхнаа чамтай хуваалцах тэр нэгэн охинд харин өгөх зүйл чамд юу сан билээ. Залуу чиний түүнд зориулахаар үлдээсэн зүйлийг эргэн бодоод... Хөөрхийдөө тэр нэгэн охин гэсэн сэтгэл төрсөн юм.

Бараг харсан охин болгондоо хэлчихдэг байсан хэн нэгний үлдээсэн хоолны шавхаруу шиг "хайртай шүү" гэдэг үгийг чинь тэр охин сонсоно. Гэхдээ тэр охины цайлган сэтгэл үүнийг чинь голохгүй байх л даа.

Хамгаас хөөрхөн харагдаад байна гэхээр чинь баярлан хүлээн авах тэр охин үнэндээ хичнээн хүн чамд хөөрхөн харагддагийг үл мэдэх биз.

Үнэхээр чамд л үзэсгэлэнтэй харагдчих юм сан гээд тэр охин аль байдгаараа байх гэж хичээхдээ өмнө чамтай учирч байсан бүх охидтой дотроо өрсөлдөж зовно.

Зүгээрээ би чамайгаа уучилсан гэж шархалсан зүрхэнээсээ тэр охин хэлээд "даана ч дээ чи минь наддаа үнэнч байхгүй яавдаа" гэж дотороо гутрах байхдаа. Амархан уучлах тэр сэтгэлийг хүртэх эрхтэй хүн нь тэгээд чи мөнүү бишүү ингэхэд...

Хөөрхий дөө тэр нэг охин. Үзэсгэлэнт гүнж байх юм сан гэж хүсэн мөрөөддөг байсан сэтгэл нь чиний эхнэр болоод чиний үр хүүхдүүдийг төрүүлэн өртэй юм шиг чиний төлөө л гэж амьдрах болно. Гэтэл тэр үед түүнийг гомдоох зүйл тоолж баршгүй гарч, өөрт чинь хайртай болсоных нь төлөө шийтгэх гэсэн юм шиг л чи тэнэгтэж болохгүй шүү.

Үнэт хайраа чамд өгөн амьдрахдаа чамайг жаргааж, чамтай жаргах гэж л тэр охин найдаж байгаа. Түүнд өгөх зүрх сэтгэлээ одооноос хамгаалан "Ганцхан чамд л би үүнийг хадгалсан юм" гэж хэлэх үнэт зүйлтэй байх нь Залуу чиний жаргал болох хөөрхий тэр охинд өгөх хамгийн үнэт зүйл шүү гэдгийг бүү мартаарай.

Хөөрхий тэр охин.


Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.


Хэтээ.
2008.07.09

Чимээгүй хашгираан



Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй 
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй 
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу 
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу 
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу 
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу 
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч 
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Ж.Мөнгөнхэт

Энгийн гайхамшигууд


Хүн амьдралаа төгс болгох гэж тэмүүлэхдээ мөнгө санхүү, ажил карер, бизнэс, улс төр, гэх мэт олон зүйлд хамаг анхаарлаа хандуулсанаар амьдралын хамгийн агуу их гайхамшигууд энгийн зүйлд байдаг гэдгийг мартаад байгаа юм шиг санагддаг. Луй Армстроны энэ дуу надад амьдралаасаа тэр энгийн жаргалуудыг олж харж эдлэх боломж олгодог юм. Энэ дууны үг нь хүртэл энгийн гээч. Энд би орчуулаад тавичихлаа шүү.



Ямар гайхамшигтай ертөнц вэ


Би ногоон моддыг улаан сарнайнуудтай харлаа.

Надад бас чамд зориулан дэлгэрч байгааг нь үзлээ.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.
Би цэнхэр тэнгэрийг цагаан үүлтэй нь харлаа.
Гэгээн ивээлт өдрийг, нууцлаг харанхуй шөнийг үзлээ.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.


Солонгын өнгө тэнгэрт үнэхээр үзэсгэлэнтэй
Зөрөн өнгөрөх хүмүүсийн нүүр түүнээс дутахгүй сайхан.

Найзууд уулзан гар бариад сайн байна уу хэмээнэ.
Яг үнэндээ тэд "Би чамд хайртай шүү" гэж байгаа нь тэр.
Нялх хүүхдүүд уйлах дуу, нас нэмэн өсөхийг нь харна.
Надаас илүү ихийг тэд сурна.


Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодно.
Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодно.


Би ногоон моддыг улаан сарнайнуудтай харлаа.

Надад бас чамд зориулан дэлгэрч байгааг нь үзлээ.

Ямар гайхамшигт ертөнц вэ хэмээн өөртөө бодлоо.



What a wonderful world

I see trees of green, red roses too 
I see them bloom for me and you 
And I think to myself what a wonderful world
I see Sky of blue clouds of white 
Bright blessed day dark sacred night
And I think to myself what a wonderful world
Colors of the rainbow so pretty in the sky 
also the faces of people going by 
I see friends shaking hands saying how do you do 
They really saying I love you
I hear babies crying I watch them grow 
they’ll learn much more than I’ll ever know
And I think to myself What a wonderful world
And I think to myself What a wonderful world
I see trees of green, red roses too 
I see them bloom for me and you 
And I think to myself What a wonderful world

Лаа ба шүдэнз



Шүдэнз Лаанд хэлсэн нь: Алив анд минь гэрэлтээч. Би чамайг асаагаад өгөх үү?

Лаа хариуд нь
 "Хэрэггүй, хэрэв би асвал улам жижигрэн, өнгө будаг хэлбэр дүрсээ алдана шүү дээ. Тэгээд хэн намайг хараад "ямар сайхан лаа вэ?" гэж хэлэх вэ дээ! Хэрэггүй, найз минь".

Шүдэнз:
 Энд харанхуй байна шүү дээ, хэн ч чиний сайхныг харахгүй шүү дээ! Чи заавал асах хэрэгтэй гэв.

Лаа:
 "Тэр надад хамаагүй би үргэлж гоёоороо байхыг хүсэж байна" гэлээ.

Шүдэнз түүнийг орхин өөр нэгэн лааг гэрэлтүүлээд өөрөө ганц хором хүрэхгүй шатаад дуусжээ. Шүдэнзний асаасан тэр лааны гэрэлд эргэн тойроны бүхийл зүйл тодорон харагдахад асаагүй үлдсэн лаа үнэхээр сайхан харагдаж байлаа. Өөрийн гоё сайхныг үзэж ханаагүй лаанд, асаж буй лааны гэрэл рүү инээмсэглэн харах хүүгийн цогтой нүд, нялх хүүхдээ хайрлан энхрийлж буй ээжийн царай, зэрэг хүний амьдралын нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй олон зүйлсийг харах сөхөө үгүй байлаа.

Хичнээн удаан өөрийгөө л харан баяссан юм бүү мэд хажуудах бүхэн өөрийг нь бас харж гайхан байгаадаа хэмээн бодсоор эргэн тойрноо харахдаа л тэр асаж буй лааны гэрэлд хайр, итгэл, баяр хөөр, гэр бүл, гэх мэт хүний амьдралд байгаа бүхэн өөртэй нь зүйрлэшгүй үзэсгэлэнтэй болохыг хараад гайхан алмайрчээ.

Гэвч тэр бүх орчныг бүхэлд нь харж чадсангүй. Түүний гоёомсог бие асаж буй лааны гэрлийг халхалан өрөөний нэгээхэн хэсгийг харанхуйлан байлаа.

Хэрэв өөрөө л асахаас нааш тэрхүү харанхуйд өөр ямар гоо үзэсгэлэн, гайхамшиг нуугдаж байгааг мэдэх арга өнөөх лаанд байсангүй.

Хэтээ.

Та энэ амьдралд нэг бол гэрэлтэнэ эс бөгөөс харанхуйлна.
Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй тул хүйтэн байдаг.

Tuesday, December 13, 2011

ҮГ

Хэлэх гэж байгаа үг чинь цаасан дээр бичсэн яруу найраг төдий бол 
Хэзээ ч бүү хэл.
Харин хэлэх гэж байгаа үг чинь зүрхэндээ шивсэн амьдрал чинь бол
Хэнд ч хэлэхээс бүү ай.

Ганцхан чамд хайртай гэдэг үгийг
Ганцхан хүнд л хэлэх ёстой байдаг юм.

Tuesday, November 29, 2011

Би Нэгэн Эр Хүнийг Харлаа.

Би нэгэн эр хүнийг харлаа.
Гаднаас нь харахад онцлох зүйлгүй тэр хүнийг танихын тулд хангалттай удаан хангалттай гүнзгий ажиглалаа. Чулуу шиг хатуу чанар түүнд байна аа. Гэхдээ бүр ган мэт хатуугаараа байна. Ил харагдахгүй боловч энэ чанар нь түүний энгийн байдлаас нь харагдах ажээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд үнэт зүйлээ олсон болохоор, тэр үнэт зүйл нь үнэн хайр, үнэнч чанар учраас түүний чулуу мэт хатуу чанар нь ил биш харин далд байдаг.

Төгс биш энгийн тэр эрийг би харлаа. Алдаж онодогтоо түүнд эр хүн гэдгээ харуулах боломж олдог. Учир нь гаргасан алдаа нь түүнийг үнэ цэнэ дээрээ үргэлжлүүлэн алхахыг нь хориглож чадахгүй. Тэр эр хүн бууж өгдөггүй ажээ. Хэн ч харсан сэхэхээргүй гүн уналтаас тэр хүн босоод эргэж харан амьдралаа нэг тунгааж үзээд өмнө нь өчүүхэн бага боломж үлдсэн ч түүнийгээ аврах гэж үргэлжлүүлэн тэмцдэг тийм эр хүнийг би харлаа. Гаргасан алдаа нь хүний буруугаас биш өөрийнх нь буруугаас болсныг эргэлзээгүй мэддэгтээ тэр амьдралаа өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Гэвч би нэгэн арчаагүй эрийг харлаа.
Түүнийг харахад л тэнэгэр сайхан эр. Өөрт нь байгаа бүхэн нь л өчүүхэн тийм л үнэ цэнэ. Ямар харагдаж яаж аяглах нь түүний гол зорилго. Хорвоогийн бүх зүйл түүний төлөө л байдаг гэж тэд боддог учраас учирсан зовлон бэрхшээл бүхнийг өөрийг нь хохироох гэж байгаа дайрлга гэж андуурна. Яг л тэр мөчдөө тэр бүх хорвоогийн хатуу хүтүүгийн хохирогч болдог. Хохирогч хүн өрөвдмөөр байдаг. Хохирогч хүн бусдын алдааны золиос байдаг тул амьдралыг өөрчлөх агуу хүч өөрсдийнх нь сонголт, шийдвэрүүд дээр байдгийг харах сөхөөгүй байдаг.
Эхнэрээ зоддог, элгэ барьдаг, эмэгтэйчүүдийг хүн гэдгийг нь харах нүдгүй байж нүцгэн биеийг нь дур хүслийнхээ бай болгож явдаг арчаагүй эрийг би харлаа.
Хальт харахад эрэгтэй дүртэй боловч харин дотор нь эр хүн байхгүй хөндий хоосон сүгнүүдийг би зөндөө олныг харлаа.
Би өөрийгөө харлаа.
Жинхэнэ эр хүн бол үнэн хайр, үнэнч чанар дээрээ хатуу зогсохийн тулд өдөр бүрийг тэмцэн өнгөрөөдөг юм байна. Тиймээс би эр хүн болох гэж зүтгэлгүйгээр, эр хүн байх нь чухал ажээ. Амь амьдрал нь зөвхөн өөрийг нь тойрон эргэлддэг арчаагүй тийм эр байх нь хэн бүхнээс тийм ч алслагдсан зүйл биш болохыг ойлголоо. Учир нь жинхэнэ эр хүн болон арчаагүй нэгний хоорондын ялгааг нэг л зүйл тогтоодог ажээ. Алхам бүрдээ ачаагаа үүрч, алдаагаа ухаарч, сонголт шийдвэрүүдээ хувийн хүслээрээ гаргадгүй байх нь л тэднийг хооронд нь заагладаг ажээ.
Тэгээд дараа нь би таныг харлаа... Би юу харсан бол?